EN

Өндрийн сүлжээ

Монгол улсын өндрийн тулгуур сүлжээний тухай

    Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлддэг бөгөөд улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, дэд бүтцийн болон шинжлэх ухааны салбарын хэрэгцээ шаардлагыг өндөр нарийвчлалтай өгөгдлөөр хангах, геодезийн бүх төрлийн хэмжилт, зураглалын ажлын өндрийн үндэслэл болдог. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг өндрийн I, II ангиар, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглал, инженер геодезийн ажлын өндрийн үндэслэлийг өндрийн III, IV ангиар байгуулна.

Монгол улсын өндрийн сүлжээг байгуулсан тухай

    Монгол улсын өндрийн сүлжээг 1936-1954 онуудад анх байгуулсан. Энэ сүлжээг ЗХУ (хуучин нэрээр)-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас манай улсын нутаг дэвсгэрийг 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын өндрийн үндэслэлд зориулан өндрийн II ангийн сүлжээг 13 полигон, 46 шугам бүхий сүлжээг байгуулсан байдаг. Сүлжээний полигоны дундаж периметр 1200 км, репер хоорондын зай 7-10 км, суурь репер хоорондын зай 70-150 км, хөрсний реперийг дунджаар 1.3-2.0 метрийн гүнд суулгасан байна.

Зураг1. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээ

    1936-1954 онд байгуулсан сүлжээг ЗХУ (хуучин нэрээр)-ын өндрийн сүлжээтэй Ирвэстэйн гол, Тэс, Ханх, Алтанбулаг, Дадал, Эрээнцав орчимоор 6 газраар холбогдсон байдаг. Иймээс Монгол Улсын өндрийн сүлжээний эхлэл өгөгдөл нь Балтийн тэнгисийн өндрийн системд, нормаль өндрийн тогтолцоонд байгуулагдсан.

Монгол улсын өндрийн сүлжээний өнөөгийн байдал

    1974-1996 онд Монгол орны нутаг дэвсгэрт дэлхийн царцдас, хөрсний босоо хөдөлгөөнийг судлахаар 1936-1954 онд байгуулсан өндрийн сүлжээний давтан хэмжилтийг /БНМАУ-ын /хуучин нэрээр/ Сайд нарын зөвлөлийн (хуучин нэрээр) 1973 оны 346 дугаар тогтоол/ УГЗЗГ хийсэн. Хэмжилтийг өндрийн II ангийн сүлжээг өтгөрүүлэх том полигоныг багасгах, шинээр шугам нэмэх зэргээр давтан хэмжилтийг хийсэн.

Зураг 2. 1970-1990 онуудад давтан хэмжилт хийсэн Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээ

    Давтан хэмжилтийг одоогийн мөрдөж буй барилгын норм дүрмийн дагуу хийж, өндрийн II ангийн бүх шугамуудын дагуу цэгүүдийн хоорондох зайг ойртуулан, зарим полигоныг шинэ шугамаар огтлон периметрийг багасгасан байна. Өндрийн сүлжээний давтан хэмжилтээр II ангийн сүлжээг 51 шугам, 17 полигонтойгоор, нийт 3039 цэгийг хамарсан 14030.5 км хээрийн хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Энэ сүлжээний хэмжилт эцсийн дүндээ 41 шугам II ангийн, 8 шугам III ангийн, 2 шугам IY ангийн нарийвчлалыг тус тус хангасан сүлжээ болсон байна. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 см-ээс дээш хэтэрсэн 3 полигоны 14 шугамыг II ангийн нивелирдлэгийн шугам гэж тооцсон байна. Олон улсын стандарт, туршлагаас үзэхэд өндрийн тулгуур сүлжээг 10-20 жил тутамд давтан хэмждэг, мөн орчин үеийн өндөр нарийвчлалтай тоон багаж гарч ирсэн, хоёр өөр технологийн хэмжилтээр хэмжилтийн нарийвчлалыг харьцуулах, харилцан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдсэн зэргээс хамааран өндрийн тулгуур сүлжээнд чанарын үнэлгээ хийх шаардлага гарч байна. Давтан хэмжилтийн ажлыг 2011 оноос эхэлсэн бөгөөд Өндөрхаан-Чойбалсан, Чойбалсан-Олон худаг, Олон худаг-Тамсаг булаг, Олон худаг-Хангай нуур, Тамсаг булаг-Сангийн далай, Сангийн далай-Хангай нуур, Хангай нуур-Хавцгайт худаг, Хавцгайт худаг-Өндөрхаан хүртэлх нийт шууд, урвуу чиглэлд 3200 км урттай 6 шугам, 2 полигоныг давтан хэмжсэн.

    Техник, технологи, эдийн засгийн хөгжлийг даган манай улс өөрийн өндрийн сүлжээний нарийвчлалыг олон улсын түвшинд хүргэх боломж бүрдэж, өндрийн I ангийн тулгуур сүлжээг байгуулах, II ангийн сүлжээний давтан хэмжилтийн ажлыг хийх зорилгоор Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн хавсралт /ХХI.1.62/ улсын төсөвт 6.5 тэрбум төгрөг батлуулсан юм.

Өндрийн 1-р ангийн сүлжээ

    Монгол улсад өндрийн 1-р ангийн тулгуур сүлжээ байгуулж, Монгол улсад хийгдэж байгаа геодезийн хэмжилт, зураглалын ажлын өндрийн үндэслэлийн нарийвчлалыг сайжруулах Монгол улсын өндрийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, боловсронгуй болгох зорилгоор 2014 оноос өндрийн I ангийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн.

Зураг 3. 2014-2018 онд байгуулсан Монгол улсын өндрийн I ангийн сүлжээ

    Өндрийн I ангийн сүлжээг Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан 2870 км урттай 5 шугам, 1 полигон, 375 цэгтэйгээр байгуулсан. Өндрийн I ангийн сүлжээ байгуулах ажлын хүрээнд дараах иж бүрдэл ажил хийгдсэн. Үүнд: 

  • Өндрийн I ангийн сүлжээний цэг тэмдэгтийн судалгаа хийх, шинээр цэг, тэмдэгт суулгах
  • 2870 км урттай өндрийн I ангийн сүлжээнд шууд, урвуу чиглэлд геометрийн нивелирдлэг хийх
  • Шинээр байгуулсан сүлжээний реперүүд дээр гравиметрийн хэмжилт хийх
  • Шинээр байгуулсан сүлжээний реперүүд дээр GNSS-ийн 24 болон 12 цагийн хэмжилт хийх
  • Байрлал, өндөр, гравиметрийн сүлжээг тэгшитгэн бодох ажлууд хийгдсэн.
Дээш буцах