EN

Хууль эрх зүйн, бодлогын орчин

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал

2021 онд  Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал батлагдсан.   

Тус хуулийн төслийн үзэл баримтлалын үндэслэл, практик шаардлагын талаар товч дурдвал: 

Хууль зүйн үндэслэл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 3.6-д “Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.” гэсэн зорилтыг дэвшүүлж, 2031-2040 онд үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформыг бий болгон хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байх үр дүнд хүрэхээр заасан бөгөөд “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.6.16, 5.3.7-д “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.”, “Орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлж шийдвэр гаргах бүх түвшинд ашиглана.” гэж тус тус тусгагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.2-т “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд олон улсын геодезийн сүлжээнд холбогдсон, байнгын ажиллагаатай станцуудаас бүрдсэн геодезийн хэмжил зүйн дэд бүтэц, хаягжилтын нэгдсэн системийг монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулж, тэдгээрийн тоон мэдээллийг түгээх тогтолцоог үе шаттайгаар бий болгоно гэж заасны дагуу Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Практик шаардлага

Орон зайн өгөгдлийн хэрэглээ

Өнөөдөр Монгол улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн талаар тодорхой зохицуулалт байгаа боловч сангуудын хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Үүний улмаас орон зайн өгөгдлийн сан /газар зүйн мэдээллийн сан/-г яам, агентлаг, байгууллага, төслийн нэгж бүр өөр өөрсдийн түвшинд, янз бүрийн аргаар байгуулсаар ирсэн. Жишээлбэл:

-           Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, Усны газар, Ойн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа мэдээлэл, тооцооллын төв, байгаль хамгаалах олон улсын төслүүд /нэлээд олон төсөл бий/;

-           Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, газар, олон улсын төслүүд;

-           Эрчим хүч, эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, мэдээллийн төв, Дэлхийн банкны төсөл;

-           Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, замын газар, тээврийн газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Үндэсний газрын мэдээллийн систем/, олон улсын төслүүд;

-           Нийслэлийн захирагчийн албаны холбогдох газар, албад /Барилга, хот байгуулалтын алба, Газрын алба / г.м

Эдгээрийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах юм.


Дээш буцах