EN

Олон улсын хөгжлийн чиг хандлага

НҮБ-ийн Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо

Зорилго, зорилт

    Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн санаачилга (Зөвлөхүүдийн хороо) нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ба тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө нь Гишүүн орнуудын хамтын шийдвэрээр тодорхойлогддог.

Байгуулагдсан түүх

    Нэгдсэн Үндэстний байгууллагын Статистикийн алба 2009 онд Нью-Йорк хотноо ес дэх удаагийн  НҮБ-ын Бүсийн Зураг зүйн Зөвлөгөөн – Америк-ийн үеэр орон зайн мэдээллийн менежментийн асуудлыг анх хөндсөн ба энэ асуудлаар тус оны 10 дугаар сард Бангкок, 2010 оны 5 дугаар сард НьюЙорк, 2011 оны 4 дүгээр сард тус тус хуралдсан байдаг. 2010 оны 18 дах удаагийн НҮБ-ын Бүсийн Зураг зүйн Зөвлөгөөн – Ази, номхон далай (UNRCC-AP) арга хэмжээний үеэр НҮБ-ын Статистикийн Хорооны 41 дэх хуралдаанаар дэлхийн орон зайн мэдээллийн менежменттэй холбоотой асуудлыг мөн хэлэлцэж, уг асуудлаар бие даасан хэлэлцүүлэг, хороо байгуулах талаар НҮБ-ын Нарийн бичгийн даргад уламжлах, Эдийн засаг, нийгмийн консул (ECOSOC)-аас зөвшөөрөл авах бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. Улмаар 2010 оны 7 дугаар сараас НҮБ-аас шийдвэр гаргаж уг зөвлөхүүдийн хорооны ажил эхэлсэн түүхтэй. Дэлгэрэнгүй шийдвэр: E/2010/240 Эдийн засаг, нийгмийн консулын 2011 оны 7 дугаар хуралдааны 2011/24 дугаар шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороог байгуулав.  2011 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Анхдугаар Өндөр түвшний Форум болон Зөвлөхүүдийн хорооны Анхдугаар хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдав. Уг арга хэмжээнүүдэд анх удаа орон зайн мэдээллийн менежментийн салбарт дэлхийн нийтийн хамтын ажиллагааны санаачилгыг хэрэгжүүлэхээр 90 орны төлөөлөл, зөвлөхүүд цуглаж Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Сөүлийн тунхаглалыг гаргасан юм.

Үйл ажиллагааны хамрах хүрээ

    Тус Зөвлөхүүдийн хороо нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахдаа дараахь чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  1. Дэлхий нийтийн геодезийн тулгуур сүлжээ байгуулах,
  2. Тогтвортой хөгжилд зориулагдсан дэлхийн газрын зураг боловсруулах,
  3. Орон зайн мэдээлэлтэй холбоотой нийгэмлэгүүдээс гаргасан стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх,
  4. Орон зайн мэдээллийн чиглэлээр мэдлэгийн сан байгуулах,
  5. Орон зайн мэдээллийн менежментийн талаарх үндэсний хэмжээний бүтэц зохион байгуулалтыг чиг хандлагыг тодорхойлох,
  6. Орон зайн өгөгдөл, мэдээллийг статистикийн болон бусад төрлийн мэдээлэлтэй холбох, уях, нэгтгэх,
  7. Орон зайн мэдээллийн баталгаа, үнэн зөв байдалтай холбогдох хууль эрхзүй, бодлогын орчин бүрдүүлэх,
  8. Орон зайн мэдээллийг солилцох, хуваалцах үндсэн зарчмыг тодорхойлох,
  9. Суурь орон зайн өгөгдлийн багцыг тодорхойлох.

Холбогдох шийдвэрүүд

  • UNRCC-AP - Resolution VII: Global geographic information management
  • UN STATCOM - Statistical Commission decision 41/110: Global geographic information management
  • 2010 UN STATCOM - Discussion paper on Global Geospatial Information Management
  • 2011 UN STATCOM - Report on Global Geospatial Information Management
  • CODIST resolution on GGIM
  •  ISO/TC 211 resolutions on GGI

Дээш буцах