“Газрын нөхөн сэргээлт” (UNU-LRT) хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа.
хөтөлбөрийн дэд захирал Берглинд, Исландын Хөрс хамгаалах төвийн судлаач, хөтөлбөрийн багш Кристин нар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар зочилж, Газрын дарга Ц.Ганхүү, Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг нартай уулзлаа.
Уулзалтаар “Газрын нөхөн сэргээлт” хөтөлбөрийн зүгээс Исланд болон Монгол улсад жил бүр зохион байгуулдаг сургалтанд Газрын салбарын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор мэргэжилтнүүдээ тогтмол хамруулах, Газрын мониторинг, нөхөн сэргээлтийн мэдээллийн санг хөгжүүлэх, холбогдох арга зүйг боловсруулах талаар туршлага солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтын дараа хөтөлбөрийн дэд захирал Берглинд ойрын 3 жилд Исланд улсад суралцах сонирхолтой, материалаа урьдчилан өгсөн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийсэн бөгөөд Исландын Хөрс хамгаалах төвийн судлаач, хөтөлбөрийн багш Кристин Лэнд менежер програм дээр суурилсан Газрын мониторингийн мэдээллийн сантай танилцаж, холбогдох мэдээллийг Суурь судалгаа, мониторингийн хэлтэс, Кадастрын хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтсүүдээс авсан болно.
Энэхүү сургалт нь газар, байгалийн нөөцийн менежментийн салбарын мэргэжилтнүүдийг судалгаанд суурилсан менежментийн чиглэлээр чадавхижуулах зорилготой бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний байгалийн экосистемүүдийн цогц үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө, дасан зохицсон менежмент, байгалийн нөөцийн төлөв байдлыг тодорхойлох мэдээлэл цуглуулах, боловсруулж дүн шинжилгээ хийх, улмаар ашиглалтыг тохируулах талаар онол, практик дээр үндэслэсэн мэдлэг, чадвар дадал олгоход чиглэгдсэн юм.
Одоогийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсээс 2 мэргэжилтэн уг сургалтанд хамрагдаад байгаа бөгөөд цаашдаа агентлаг, 21 аймгийн ГХБХБГ, НГЗБА, ДГЗА-ны холбогдох мэргэжилтнүүд, сумдын газрын даамлуудыг хамруулах сонирхолтой байгаагаа тус байгууллагын зүгээс хөтөлбөрийн дэд захиралд илэрхийллээ.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд
- UNU-н нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөртэй хамааралтай сэдвээр суралцсан байх (Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх)
- Нэгээс дээш жил энэ салбарт ажилласан байх
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
- 40 хүртэлх настай байх гэсэн шаардлагуудыг тавьдаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.unulrt.is сайтаас үзэх боломжтой.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү