МОНГОЛ УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Нийгмийн хүртээмжтэй хөгжил дэвшил, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн эрчимтэй хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд сайн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өндөр чанартай, тогтвортой Дэлхийн геодезийн тулгуур тогтолцооны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/RES/69/266 дугаар тогтоолоор "Тогтвортой хөгжил рүү чиглэсэн Дэлхийн геодезийн тулгуур тогтолцоо"-г баталсан юм.
Энэхүү тогтоолоор дэлхийн геодезийн тулгуур тогтолцоог байгуулж, түүний найдвартай ажиллагаа, цаашдын шинэчлэлт, сайжруулалтыг нь хангах зорилгоор хөгжиж буй орнуудын геодезийн салбарын чадавхийг дээшлүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн дэлхийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг гишүүн улсууд болон холбогдох олон улсын байгууллагуудад уриалсан.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн шинжээчдийн хороо (UN-GGIM) 2020 онд ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын хотхонд Дэлхийн геодезийн шилдгүүдийн төвийг (UN-GGCE) 2023 онд байгуулсан.
Дэлхийн геодезийн шилдгүүдийн төв болон гишүүн улсын Засгийн газрын байгууллага, агентлагууд, хувийн хэвшлийн компаниуд, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, олон улсын байгууллага зэрэг 40 байгууллага хооронд олон талт хамтын ажиллагааны Санамж бичгийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, үүнд манай байгууллага нэгдэн орсон юм. Энэхүү Санамж бичгийн зорилго нь Оролцогчид хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээг (Global Geodesy Supply Chain) бэхжүүлэхэд чиглэгдэж байна.
Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээ байгуулахад манай улсын оролцоог хангах, Монгол Улсын геодезийн байрлал, өндөр, гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор геодезийн сүлжээний Ажлын хэсэг байгуулах хэлэлцүүлэг, уулзалтыг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, түүнд ЗХЖШ, ИНЕГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, ШУТИС, ХААИС, ҮТИС, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Монгол Улсын Зөвлөх, мэргэшсэн инженерүүд оролцож Монгол Улсын байрлал, өндөр, гравиметрийн сүлжээ, солбицлын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар танилцуулж, хэлэлцүүлэв.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсын геодезийн байрлал, өндөр, гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий геодезийн сүлжээний Ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ.
Ингэснээр Дэлхийн геодезийн хангамжийн сүлжээ байгуулахад манай улсын оролцоог хангах боломж бүрдэх юм.
https://ggim.un.org/UNGGCE
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү