САЛБАРЫН ОРОН НУТАГ ДАХЬ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Газрын харилцааны салбарын тулгамдаж буй асуудал, удирдах ажилтнуудын туршлага солилцох” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд болон сумдын газрын даамлууд цахимаар оролцож байна.
Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, газрын төлөвлөлт, үйлчилгээний чанар хүртээмж, газрын үнэлгээ, цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй ажил, цаашид шийдвэрлэх боломж, гарц шийдлүүдийг хамтран тодорхойлсон үр дүнтэй арга хэмжээ болж байна.
Мөн энэ оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн жил” болгон зарласантай холбогдуулан 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын сумын Газрын даамлуудын ажиллах боломж, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж, тавилга, багаж, техник хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үүний дагуу өнөөдөр 20 аймгийн 161 сумдад 108 ширхэг иж бүрэн компьютер, 30 ширхэг 3 үйлдэлт принтер, 26 ширхэг сканерыг хүлээлгэн өглөө.
Цаашид ирэх онд үлдсэн сумдын газрын даамлуудад шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.