БЭЛЧЭЭРИЙН ФОТО МОНИТОРИНГИЙН ЦЭГИЙН ТӨЛӨӨЛӨХ ТАЛБАЙГ ЗУРАГЛАХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Тус байгууллага нь газрын мониторингийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтмол хугацаанд хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг зохистой зохицуулах, үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор 2015 оноос хойш фото мониторингийн аргаар үнэлгээ хийх ажлыг улсын хэмжээнд тасралтгүйгээр 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэхүү мониторингийн ажил нь 21 аймгийн 319 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд нийт 5314 мониторингийн цэгт судалгаа хийгдэж, үр дүнг Газрын мониторингийн цахим системд оруулан, олон нийтэд https://egazar.gov.mn/map цахим хуудаснаар дамжуулан нээлттэй хүргэж байна.
Хэрэгцээ шаардлага:
Одоогийн байдлаар 3 аймгийн 9 сум, нийслэлийн 6 дүүрэг, нийт 210 мониторингийн цэгийн 6,440,278 га талбайн зураглал хийгдээд байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Баян-Адрага, Норовлин, Баян-Овоо сум
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сум
- Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад сум
- Нийслэлийн 6 дүүргийн бэлчээрийн 42 мониторингийн цэгийн 98,764 га талбай
Цаашид 21 аймгийн 310 сумын нийт 5104 мониторингийн цэгийн төлөөлөх талбайн хэмжээг одоогоор зураглагдаагүй байгаа бөгөөд эдгээр талбайн зураглалыг гүйцэтгэх зайлшгүй шаардлага үүсч байна.
Бэлчээрийн төлөв байдал, даац, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтын үнэлгээг нарийвчилсан, бодитойгоор хийхийн тулд “бэлчээрийн талбай (га)” гэсэн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан зураглал гаргах шаардлагатай байгаа юм. Ингэснээр дараах үр дүнд хүрэх боломж бүрдэнэ.Үүнд:
- Бэлчээрийн даацын үнэлгээг нарийвчлалтай гаргах
- Бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, нөхөн сэргээлтийн бодит суурь мэдээлэл бий болгох
- Мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх боломжийг нэмэгдүүлэх
Аргачилсан зааврын хэрэглээ:
Энэхүү аргачилсан зааврыг дараах байгууллага, албан тушаалтнууд бэлчээрийн фото мониторингийн шинэ цэг байгуулах, төлөөлөх талбайн зураглал хийх, шинэчлэх, сайжруулах үйл ажиллагаанд ашиглана. Үүнд:
- Аймаг, нийслэл, дүүргийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын газрын мониторингийн мэргэжилтнүүд
- Газрын даамлууд
Эдгээр мэргэжилтнүүд энэхүү зааврыг ашигласнаар мониторингийн үр дүнг үнэн зөв, тогтвортой мэдээллээр хангах, нэгдсэн аргачлалтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
Хавсралт файлууд
Төрөл | Огноо | файлын нэр |
---|---|---|
2025-07-03 | bel_tul_zaavar2025.06.18.pdf |
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү