E-GAZAR 2.0 ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн газрын цахим системийн 2.0 хувилбар /www.egazar.gov.mn/-ыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.
Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлснээр дараах өөрчлөлт, шинэчлэлтүүд бий болоод байна. Үүнд:
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой өргөдөл гаргахаас эхлээд эрхийн гэрчилгээ авах хүртлэх үйл ажиллагаа нь 20 гаруй үе шаттай байсан бол үндсэн 5 үе шаттай болгов;
Газар эзэмших, ашиглах эрхийн цахим гэрчилгээг газрын албаны мэргэжилтэн үүсгэдэг байсныг цахим системээс автоматаар үүсгэдэг болгов;
Улсын бүртгэлийн Э,А дугаар олгох үйл ажиллагаа нь хүнээс хамааралтай байсныг мөн цахим системээс автоматаар үүсгэдэг болгов;
Цахим хувийн хэргийн материалыг газрын албаны мэргэжилтнүүд үүсгэдэг байсныг систем автоматаар үүсгэдэг болгов;
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой 27 гаруй төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжийг бүрдүүлэв;
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холоотой Төрд байгаа бичиг, баримтыг иргэн, хуулийн этгээдээс шаарддаггүй болов;
Шинээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг цахимаар хүлээн авах, шаардлагатай бичиг баримтыг систем автоматаар үүсгэж баталгаажуулдаг болов;
Иргэн, хуулийн этгээд өөрийн газрын хувийн хэргийн материалыг цахим системээс авах боломжтой болов;
Газрын төлбөр, татварыг цахим системээр түргэн шуурхай төлөх боломжтой болов;
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой 10 гаруй төрлийн лавлагааг цахимаар авах гэх мэт олон боломжуудыг бүрдүүлсэн E-GAZAR 2.0 /WWW.EGAZAR.GOV.MN/ цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү