ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ДАТА ТӨВИЙН ЦАХИЛГААНЫ НӨӨЦ ЭХ ҮҮСГҮҮР (ДИЗЕЛЬ ГЕНЕРАТОР)-ИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дата төв нь салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж буй нийт 13 цахим системүүдийн хэвийн, найдвартай байдлыг хангаж ажилладаг бөгөөд өдөрт давхардсан тоогоор 80,000 гаруй иргэн, хуулийн этгээдийн хандалт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Диспетчерийн үндэсний төв ТӨХК зэрэг байгууллагуудтай бодит агшны үйлчилгээнүүдийг солилцож байдаг өндөр ач холбогдолтой дэд бүтэц юм.
Дээрх дата төвийн цахилгааны доголдлыг нөхөх, дата төвийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах болон Улаанбаатар хотод үүсээд буй эрчим хүчний чадлын дутагдлаас үүссэн хязгаарлалтаас хамааралгүй үйл ажиллагааг эрхлэх зорилгоор Caterpillar DE165E0 загварын 165 кВа хүчин чадалтай цахилгааны нөөц эх үүсгүүр (дизель генератор)-ийг суурилуулж, үйл ажиллагаанд орууллаа.
Ингэснээр цахилгааны доголдлоос шалтгаалсан дата төвийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл үгүй болж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газартай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хүргэх боломж бүрдэж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү