НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

🇺🇳🇲🇳 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг сааруулах чиглэлээр аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газрын мониторинг, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний журам, аргачлалд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг тусгах, элэгдэл эвдрэлд орсон газрыг хөрсний элэгдлээс хамгаалах, газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын мониторингийн цахим системүүдийг хөгжүүлэх талаар олон ажлуудыг хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдгээр ажлууд эхнээсээ үр дүнд хүрч байгаа билээ.
Харин энэ удаад Газрын тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд газрын тогтвортой менежмент, газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой зохицуулалтыг газрын тухай хуулийн төсөлд тусгах, газар зохион байгуулалт, мониторингийн чиглэлээр шинээр журам, аргачлал, заавар боловсруулах, үүнтэй холбоотойгоор газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд нэмэлт хөгжүүлэлтийг хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг НҮБ-ийн ХХААБ-д хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу товчоор СТРИЙМ төсөлтэй хамтран гүйцэтгэхээр боллоо.