Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөлд санал авч байна

Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөлд санал авах тухай


Монгол Улсын Үндсэн хууль, Монгол хэлний тухай хуулинд төрийн албан ёсны хэл нь монгол хэл байна, газар нутаг, засаг захиргааны нэгж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийг монгол хэлээр хөтлөн явуулахыг хуульчилсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулинд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар зүйн нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газрын зурагт өөрчлөх, газар усны давхар нэр хэрэглэх, албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, өөр бусад хэлний дуудлагаар галиглан бичихыг хориглон торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоолоор Газар нутгийн нэрийн байнгын комиссийг Улсын геодези, зураг зүйн газрын дэргэд байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах 240 гаруй мянган газар зүйн нэрийг 1980-1985 оны хооронд 1:100000-ны масштабтай байр зүйн зураг дээр тодруулан тогтоож, улмаар Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор 214805 газар зүйн нэрийг баталсан юм. Уг тогтоолын 2 дахь заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.


Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 6941 нэр, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 8767 газар зүйн нэрийг тус тус баталжээ.

2021-2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн 13 сумын “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэж 2072 уламжлалт нэрийг нэмж тогтоосон.


Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1980-1984 оны газар зүйн нэрийн хээрийн тодруулалтаар 1:100000-ны масштабтай байр зүйн зураг дээр тэмдэглэгдсэн боловч Улсын Их Хурлаар батлагдаагүй 940, байрлал зөрүүтэй 17 нэр, шинээр тодруулан тогтоосон (уламжлалт) 1132 нэр, мөн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй, дүрмийн алдаатай батлагдсан 131 газар зүйн нэр байгааг тогтоож нэрийн жагсаалт гарган, нэр бүрд хувийн хэрэг үүсгэж, мэдээллийн сан бүрдүүлэн, газар зүйн нэрийн зургийг сум бүрээр зохиож сумын Газар зүйн нэрийн салбар зөвлөл, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Газар зүйн нэрийн салбар зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус тус 2022 онд хэлэлцүүлж дэмжсэн.


Сүхбаатар аймагт хийгдсэн Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнд шинээр (уламжлалт) бий болсон нэр, өөрчлөлт орох нэр, байрлал зөрүүтэй зэрэг нийт 2220 нэрэнд хяналт шалгалт хийж зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/83 дугаар тушаалаар Барилга, хот байгуулалтын яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Усны газар, Шинжлэх ухааны академи, Сүхбаатар аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагын төлөөллийг оруулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж зөвлөмж, дүгнэлт гаргасан.


Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах, Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор монгол хэлнээс өөр хэл дээр батлагдсан газар зүйн нэрийн суурин болон хээрийн судалгааг 2023 оны 03-09 дүгээр сарын хооронд төрийн 9 байгууллагын төлөөлөл орсон Ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.


Ажлын хэсэг олон төрлийн эх сурвалжийг ашиглан судалгаа хийж Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах 319 нэрийн монгол оноосон нэрийг батлуулахаар, мөн уламжлалт 46 нэрийг шинээр батлуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг боловсрууллаа.


Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах, Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл, шинэчлэн батлуулах, шинээр батлуулах газар зүйн нэрэнд саналаа ирүүлнэ үү.


Санал хүлээж авах и-мэйл хаяг: orlogo.ts@gazar.gov.mn, enkhchimeg.b@gazar.gov.mn