ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХЭТ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөлтэй аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.


Мөн Газрын тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах, газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотойгоор газар зохион байгуулалт, мониторингийн чиглэлээр шинээр журам, аргачлал, заавар боловсруулах, үүнтэй холбоотойгоор газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд нэмэлт хөгжүүлэлтийг хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байна.

Энэ хүрээнд Европын холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Монгол улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн багийн удирдагч Адриен Мүрг,  “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудтай Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын мониторингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар уулзалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.

Мөн тус уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний ач холбогдол, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа.