21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛ, 9 ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 06 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлтэй хамтран зохион байгуулагдлаа.
Сургалтаар оролцогчдод дараах сэдвийн сургалт хийж, танилцуулга мэдээлэл, зөвлөмж өгч, санал солилцов. Үүнд:
✅ Газрын тухай хууль, тогтоомжид шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүд, шинэчилж батлагдсан Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам, Газрын мониторингийн цэгийг шинээр байгуулах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал;
✅ Газрын мониторингийн системийн үйл ажиллагаа, нэмэлт хөгжүүлэлт;
✅ Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын үр дүн, хэрэглээ, цаашид авах арга хэмжээ;
✅ Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын талаар анхаарах асуудлууд;
✅ Зайнаас тандан судлалын хэрэглээ, газрын доройтлын нөхцөл байдал, нөхөн сэргээх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага;
✅ Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын 2024 оны үр дүн, цаашид анхаарах асуудлууд;
✅ Газрын мониторингийн цахим системийн “Бэлчээрийн газрын төлөв байдал” цэсний нэмэлт хөгжүүлэлт болон “BELCHEER” гар утасны аппликэйшний хэрэглээ, ач холбогдол;
✅ Бэлчээрийн фото мониторингийн цэгийн төлөөлөх талбайг зураглах арга зүйн төсөл, түүнийг туршсан үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэж, 21 аймгийн хэмжээнд бэлчээрийн төлөөлөх талбайг шинэчлэн зураглах ажлыг хийж, гүйцэтгэлээ.
Сургалтаар газрын мониторингийн цаашдын чиг хандлага, холбогдох хууль, журам, зааврын зорилго, ач холбогдлыг таниулах, газрын мониторинг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлтийн арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрч, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээнүүд үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдээд байна.
Оролцогчид орон нутагт газрын мониторинг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, бэлчээрийн фото мониторинг, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагын талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл, туршлага солилцож сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдлаа.