НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🇺🇳 НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүс нутгийн хорооны (UN-GGIM-AP) ээлжит хурал БНХАУ-ын Жэжян мужийн Дэчин хотод 2025 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүс нутгийн хороо нь тогтвортой хөгжлийн төлөөх гео орон зайн технологийн интеграцчлалыг дэмжих үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 56 орны гишүүнчлэлтэй олон улсын томоохон хороо юм.
Монгол Улс нь уг хорооны албан ёсны гишүүн бөгөөд хорооны стратеги болон үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг удирдан зохицуулах үүрэг бүхий Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай сонгогдон ажиллаж байна.
Энэ удаагийн хуралд БНХАУ, БНСУ, Монгол, ОХУ, Индонези, Иран, Сингапур, Энэтхэг, Япон зэрэг улсын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон бусад албаны хүмүүсээс бүрдсэн 40 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Хурлын зорилго нь Хорооны 13 дахь өргөтгөсөн хурлаас гарсан үр дүн болон одоогийн Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, хорооны хуралдаанаар гурван жилийн хугацаатай ажиллах шинэ гүйцэтгэх зөвлөлийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон бусад гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэх журам, сонгуулийн дүрэм, санал хураах протокол, одоогийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг залгамж чанарыг хадгалж, улираан ажиллуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн тус хорооны доор ажилладаг 4 салбар ажлын хэсгүүдэд /Геодези, Кадастр-Газар зохион байгуулалт, Гео-Орон зайн болон статистик мэдээлэл, Гео-орон зайн мэдээллийн тогтолцооны үйл ажиллагаа/ дэлхийн гео орон зайн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэн шинэ сэдвүүдийг санал болгох, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, шинээр ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлаар хэлэлцэж байна.
Хурлын оролцогчид зохион байгуулагч орон болох БНХАУ-ын Жэжян мужийн Дэчин хотод байрлах Олон улсын Гео-орон зайн мэдлэг, инновацын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, энэ үеэр БНХАУ-ын Хэмжил, зураг зүйн товчооны удирдлагуудтай уулзаж туршлага солилцож, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар харилцан ярилцлаа.
Хурлын хүрээнд “Гео-орон зайн мэдээлэл ба үндэсний газрын удирдлага дахь орон зай, цаг хугацааны ухаалаг хөгжил” семинар зохион байгуулагдлаа. Уг семинарын хүрээнд Орон зайн өгөгдөл мэдээлэл боловсруулахад хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэх, орон зайн өгөгдөл мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, хүний нөөцийг чадавхжуулах, орон зайн мэдээллийн веб үйлчилгээ, экологийн орон зайн төлөвлөлт загварчлал, газрын нөөцийн судалгаа мониторингийн туршлага, ололтууд, Геодезийн нарийвчлалыг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга тавигдлаа.
Энэ удаагийн цугларалтын үеэр гишүүн орнууд нь НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүс нутгийн хорооноос гаргасан “Нэгдсэн гео-орон зайн өгөгдлийн тогтолцоо”-г хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлууд, мэдээллийн найдвартай, нийцэлтэй байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэмжилт зураглалын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, машин сургалт зэрэг технологийг нэвтрүүлж, нарийвчлалыг нэмэгдүүлэх асуудлуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо.