Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2026.09.10) Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хүний нөөц, цахим засаглал хариуцсан дэд дарга С.Тэнгис, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Газар, геоматик корпорацийн ерөнхийлөгч О Мён Со, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Ран, Газар зохион байгуулалт, геодези, зураг, зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагууд, төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Төслийн зорилго нь Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хаягийн мэдээллийг нэгдсэн байдлаар удирдах, ашиглах боломжийг сайжруулахын зэрэгцээ цахим төрийн захиргааны чадавхыг бэхжүүлэх явдал юм.
Тус төсөл нь 2026-2029 онд хэрэгжих бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтын хүрээнд хэрэгжиж байна.

Төслийг Монгол Улсын талаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, БНСУ-ын талаас Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар, геоматик корпораци, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэхээс гадна хаягийн мэдээллийн стратеги, мэдээллийн чанар, навигацийн мэдээллийн сан, газрын мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Ингэснээр хаягийн мэдээллийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах, тогтмол шинэчлэх, бусад мэдээллийн сантай уялдуулах боломж бүрдэж, иргэн, хуулийн этгээдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бөгөөд газар зохион байгуулалт, хот байгуулалт, онцгой байдал, түргэн тусламж, тээвэр, шуудан, логистик, навигаци зэрэг салбаруудын байршилд суурилсан үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
