Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэдлэг, ур чадварыг нь үнэлж дүгнэх зорилготой “Сумдын газрын даамлын мэргэжил, ур чадварын улсын уралдаан”-ыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү улсын хэмжээний томоохон уралдаанд 21 аймгийн 203 сумын газрын даамал оролцож, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөө. Орон нутгийн газрын харилцааны бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг даамлуудын дундаас мэдлэг, туршлагаараа манлайлж, бусдыгаа хошуучилсан дараах оролцогчид шилдгээр шалгарлаа:

I байр: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын газрын даамал Хорлоосүрэнгийн Баасанжаргал

II байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын газрын даамал Гансүхийн Отгонбаяр

III байр: Баянхонгор аймгийн Баянговь сумын газрын даамал Батжаргалын Маасүрэн

Тусгай байр: Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын даамал Мөнгөншагайгийн Номинзул

Тусгай байр: Дархан-Уул аймгийн Хонгор сумын газрын даамал Гансүхийн Баярмаа

Тусгай байр: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын газрын даамал Түмэн-Өлзийгийн Нямцэцэг

Тусгай байр: Төв аймгийн Баянцагаан сумын газрын даамал Базарбидэрийн Намсрайцэрэн

Тусгай байр: Орхон аймгийн Жаргалант сумын газрын даамал Анхбаярын Түвшинзаяа
Уралдаанд оролцсон сумын газрын даамлуудын авсан нийлбэр онооны дунджаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 82.5 оноогоор тэргүүллээ.
Тус уралдаан нь салбарын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бодитой үнэлэн дүгнэх замаар цаашдын сургалт, чадавхжуулах арга хэмжээний чиглэлийг оновчтой тодорхойлох зорилготой юм.
Цаашид сумын газрын даамлуудын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч, тус уралдааныг улирал бүр тогтмол зохион байгуулж хэвшихээр төлөвлөж байна.