Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ “АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН НОГООН, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ “АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН НОГООН, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Аймаг, сумын төвийн ногоон, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP) төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл өнөөдөр /2026.09.03/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилт, талуудын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтаар төслийн зорилго, үндсэн бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, газар зохион байгуулалт, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем, бэлчээрийн мониторингийн чиглэлээр хэрэгжиж байгаа ажлуудыг төслийн цаашдын үйл ажиллагаатай уялдуулах асуудлыг хэлэлцэв.
ASDIP хөтөлбөр нь аймаг, сумын төвүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай, иргэдийн амьдрах таатай орчин бүхий хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн зэрэгцээ хот, хөдөөгийн эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Хөтөлбөрийн I үе шатны Бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд "Ухаалаг газрын менежмент болон уур амьсгалд дасан зохицсон дижитал төвийн тоног төхөөрөмж" төсөл, арга хэмжээг нийт 3.05 сая.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцлоо.
Энэ хүрээнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Дэлүүн, Өмнөговь сумын төвийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хүлэмжийн хийн ялгарал багатай, тогтвортой суурьшлын бүс болгон хөгжүүлэх, газар зохион байгуулалт, хот байгуулалтын менежментийг сайжруулж, бэлчээрийн төлөв байдал, усны нөөц, хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын харилцааны мэдээлэл, судалгааны цогцолбор төв бий болгох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төсөл хэрэгжсэнээр зорилтот аймаг, сумын төвүүдийн инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээ болон иргэдийн амьдрах орчин сайжирч, агаар, хөрс, усны бохирдол буурах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн бэлчээрийн доройтлыг бууруулж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт болон хөрсний нүүрстөрөгч шингээх чадавхийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Уулзалтын төгсгөлд талууд төслийн бэлтгэл ажлыг хангах болон хэрэгжилтийн үе шатанд харилцан мэдээлэл солилцож, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал болохыг онцлов.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал