

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)-ын удирдлагууд БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний төлөөлөгчдийг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, газар зохион байгуулалт, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн газар ашиглалтын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.
Уулзалтад ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай болон холбогдох албан хаагчид оролцсон бол БНСУ-ын талаас Солонгосын Шинэ тосгон төвийн ерөнхийлөгч Ким Гванглим, Шинэ тосгон Эмэгтэй Удирдагчдын Холбооны ерөнхийлөгч Ким Жүнгим, Шинэ тосгон Оффис ба Үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Жүн Мүүнсүү, Шинэ тосгон Номын Сангийн Холбооны ерөнхийлөгч Ким Жончул болон Солонгосын Шинэ тосгон төвийн төлөвлөлт, менежментийн товчооны төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр ГЗБГЗЗЕГ-ын чиг үүрэг, Монгол Улсын газар зохион байгуулалт, газрын харилцаа, орон зайн мэдээллийн дэд бүтцийн хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, газар ашиглалтын төлөвлөлтөөр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Мөн талууд БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний үүсэл, хөгжил, хэрэгжсэн туршлага, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсад хэрэгжиж буй орон нутгийн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын газар зохион байгуулалтын тогтолцоо, орон нутгийн хөгжлийн бодлого болон БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний туршлага, үйл ажиллагааны талаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойллоо.