





Арга хэмжээг нээж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ бэлчээрийн менежментийг олон талын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгох, газрын эрхийн баталгаатай байдлыг хангах, бэлчээрийн чанар, бүтээмжийг хадгалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл, зан заншлыг хамгаалах нь цаашдын бодлого, үйл ажиллагааны чухал чиглэл болохыг онцоллоо. Түүнчлэн бэлчээрийн газрын засаглал, менежментийг боловсронгуй болгоход бодит өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, малчдын оролцоо, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, иргэний нийгэм болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.



Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон бөгөөд Олон улсын газрын эвслийн ахлах мэргэжилтэн Ева Хершоу бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлын талаарх судалгааны арга зүй, үндсэн үр дүн болон мэдээллийн сангийн ач холбогдол, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдээллийн санг бүрдүүлэх хүрээнд тал хээрийн бүсэд мэдээлэл цуглуулсан практик туршлагын талаар танилцууллаа.







Энэхүү мэдээллийн сан, судалгааны үр дүн нь дэлхийн хөгжлийн болон газрын мониторингийн тогтолцоонд уг мэдээллийг ашиглах боломж, олон улсын түвшинд харьцуулах ач холбогдлын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Маркос Нето, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Уорд Ансееув нар байр сууриа илэрхийллээ.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР