“Дэлхий ертөнцийн сайн сайхны төлөөх орон зайн арга зам (The Geospatial Way to a Better World)” сэдвийн дор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэчин хотноо байрлах “Зежанийн Орон зайн мэдээллийн аж үйлдвэрийн парк” (Zhejiang Geospatial Information Industrial Park)-т 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн Анхдугаар Конгресс (UNWGIC2018) болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээг НҮБ-ын Статистикийн алба, НҮБ-ын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн Менежментийн Зөвлөхүүдийн Хорооны Нарийн бичгийн албыг хариуцагчийн хувиар БНХАУ-ын Засгийн газар (Байгалийн нөөцийн яам, Зежань мужийн Захиргаа)-тай хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд 83 орны 1200 гаруй төлөөлөгчид оролцсон өргөн хүрээний өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болж өнгөрлөө.
UNWGIC-ийн зорилго нь НҮБ-ын гишүүн орнуудын дунд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, орон зайн мэдээллийн менежментийн технологийн хөгжлийг дэмжих, харилцаа холбоо, ойлголт, мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутаг, бүс нутаг, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд орон зайн мэдээллийн технологи, инновацын гүйцэтгэх үүрэг, бодлогын орчин зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Конгрессын үеэр болсон онцлох үйл явдлаас товч дурдвал:
Ази, номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны шинэ бүтэц бүрэлдэхүүнд Австрали улс Ерөнхийлөгчөөр, Монгол, Япон, БНХАУ Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож гүйцэтгэх зөвлөлийг тэргүүлэхээр болов. Харин зөвлөхүүдийн хорооны Нарийн бичгийн албыг UN-ESCAP цаашид хариуцахаар болсон нь энэ удаагийн хурлын онцлох шийдвэр байлаа.