Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн барьлаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Шинжлэх ухааны академи, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон бусад байгууллагатай хамтран 2023 онд судалгаа хийж монгол хэлнээс өөр (орос, казак, тува г.м) хэл дээр нэрлэгдэж, батлагдсан 319 газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг хээрийн болон суурин судалгаагаар тогтоосон юм.
Мөн Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021-2022 онд гүйцэтгэсэн. Сүхбаатар аймагт 1980-1984 онд хийсэн газар зүйн нэрийн хээрийн тодруулалтаар 1:100000-ны масштабтай байр зүйн зураг дээр тэмдэглэгдэж, одоог хүртэл ашиглаж байгаа боловч Улсын Их Хурлаар батлагдаагүй 940, 2021-2022 онд шинээр тогтоосон уламжлалт 1080 нэр, Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 газар зүйн нэр байгааг тогтоосон.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан 364 нэрэнд өөрчлөлт оруулахаар, нэмэлт 2067 нэрийг батлуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж тун удахгүй хэлэлцүүлэх боломжтой боллоо.
Газар зүйн нэрийн асуудал нь Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулагддаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээж ашиглуулах үүрэгтэй юм.