Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар бэлчээрийн газрын мониторингийн мэдээллийн чанар, үнэн зөв байдлыг сайжруулах, орон нутагт ажиллаж буй газрын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Бэлчээрийн ургамлыг зүйлийн түвшинд таних, аж ахуйн бүлгээр ангилах арга зүй эзэмшүүлэх сургалт"-ыг 2026 оны 7 дугаар сарын 1–3-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн DIAPOL-CE төсөл болон ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох сумын газрын даамлууд зэрэг 40 гаруй албан хаагчид оролцлоо.
Бэлчээрийн фото мониторингийн үнэлгээний үр дүн нь ургамлыг зүйлийн түвшинд зөв таних, аж ахуйн бүлгээр оновчтой ангилах мэдлэг, ур чадвараас эхэлдэг. Иймээс гурван өдрийн сургалтаар оролцогчдод ургамлыг зөв таньж тодорхойлох, бэлчээрийн доройтлыг үнэлэх, Sample Point программ ашиглан фото мониторингийн үнэлгээ хийх, хээрийн нөхцөлд бодит дадлага хийх замаар онол, практикийг хослуулсан цогц мэдлэг олгосон сургалт болж өндөрлөлөө.
Сургалтын үр дүнд орон нутгийн мэргэжилтнүүд мониторингийн мэдээллийг нэгдсэн аргачлалын дагуу цуглуулах, боловсруулах, үнэлэх чадавхаа бэхжүүлж, мэдээллийн үнэн зөв, чанар, нэгдмэл байдлыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байна.