Монгол Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоол болон 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хаягжуулалтын тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.


Энэ зорилтын хүрээнд боловсруулсан Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулан батлуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд тус үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдөр 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох албан хаагчдад Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар оролцогчид нээлттэй санал солилцож, олон талт оролцоог хангаж оролцов.