

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.13/ хүлээн авч уулзан, “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж тохиролцлоо.
ГЗБГЗЗЕГ болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 8 сумын хэмжээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

Архангай аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Чулуут сум, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдаж байна.

Ойн газар, Усны газрын мэдээллийн санг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй холбох системийн хөгжүүлэлт хийх ажлын даалгаврыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг эхлүүлээд байна.

Төсөл хэрэгжиж буй аймаг, сумдын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж болон бэлчээрийн фото мониторингийн хээрийн судалгаанд ашиглах багаж хэрэгслээр хангаад байна.

Орон нутгийн мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг ГЗБГЗЗЕГ, аймгийн ГХБХБГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгууллаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан-II”-г Монгол, Англи хэлээр боловсруулж, хэвлүүлэн олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг хэрэгжүүлээд байна.
Мөн уулзалтын үеэр талууд цаашид газрын тогтвортой менежмент, усны сан бүхий газрын орон зайн мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, мөн Даян дэлхийн байгаль орчны сан /GEF9/-ийн 9 дэх удаагийн санхүүжилтийн төслийн баримт бичгийн төсөлд бэлчээрийн фото мониторингийн “Belcheer” гар утасны аппликэйшнийг улам боловсронгуй болгон хөгжүүлж, малчдын бэлчээр ашиглалтын гэрээ болон ногоон санхүүжилтийн эх үүсвэрээс олгосон зээлийн үр нөлөөг үнэлэх боломжийг банк санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал тусган ажиллахаар тохиролцоо.
Мөн шинээр эхлүүлэхээр төлөвлөж буй төслийг Монгол орны Баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлэх, ингэхдээ тус бүс нутгийн онцлогт тохирсон газрын зохион байгуулалтын төлөвлөгөөний арга зүйг шинэчлэн боловсруулах, хэрэгжилтийг үнэлэхэд хамтран ажиллах боломжтой талаар талууд нэгдсэн ойлголтод хүрч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.