Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

"ТОГТВОРТОЙ ГАЗАР АШИГЛАЛТ, МАЛЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ” ЗЭРЭГЦЭЭ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ТОГТВОРТОЙ ГАЗАР АШИГЛАЛТ, МАЛЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ” ЗЭРЭГЦЭЭ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🇲🇳🇺🇳 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Ногоон бүсэд “Газрын засаглал: Тогтвортой газар ашиглалт, малчдын эрхийг хамгаалах бодлогын шийдэл” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон “Хил хязгааргүй алхам” ТББ хамтран зохион байгуулж, төрийн болон олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, малчдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг Нөөцийн эрхийн хүрээлэнгийн олон улсын санаачилгын эрх зүйн шинжээч Изабел Давила Перейра чиглүүлэн ажиллав.
Арга хэмжээг нээж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ нүүдлийн мал аж ахуй, малчдын бэлчээр ашиглах эрхийг хамгаалсан тогтвортой, шударга, ил тод газрын засаглалыг төлөвшүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн орон зайн нэгдсэн төлөвлөлт, салбар хоорондын уялдааг хангасан эрх зүй, институцийн тогтолцоог боловсронгуй болгох нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, “Хил хязгааргүй алхам” ТББ болон бусад байгууллагын төлөөлөл газрын засаглалын бодлого, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийлээ.
Мөн Бразил Улсын Сеарагийн Холбооны Их Сургуулийн профессор Джалмо Альварез Брочадо “Байгаль орчин, нийгэм, засаглал: экологийн хохирол ба хариуцлага”, судлаач Ю.Батзоригт “Бэлчээр ба Монгол Улсын малын тоо толгойн оновчтой хэмжээ” сэдвээр судалгааны ажлаа танилцуулж, оролцогчидтой санал солилцов. Өмнөговь аймгийн малчдын төлөөлөл “Монголын нүүдэлчдийн бэлчээрийн эрх ба Улаан шугам санаачилга”-ыг мөн танилцууллаа.
Хэлэлцүүлгээр газрын засаглал, бэлчээрийн газрын эрх зүйн зохицуулалт, бэлчээр ашиглалтын бодлого, газрын доройтол, уул уурхай болон хөгжлийн төслүүдийн нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх малчдын эрх, бэлчээрийн тогтвортой ашиглалт зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Түүнчлэн малчдын бэлчээр ашиглах эрхийн эрх зүйн баталгааг сайжруулах, газрын ашиглалттай холбоотой зөрчил, маргааныг бууруулах, газар нутгийн тогтвортой менежмент, хариуцлагатай, ил тод газрын засаглалыг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогын шийдлүүдийн талаар санал солилцлоо.
Энэхүү зэрэгцээ арга хэмжээ нь газрын засаглалын шинэчлэл, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын эрхийг хамгаалах чиглэлээр олон талын оролцоонд тулгуурласан бодлогын шийдлийг эрэлхийлэх, олон улсын сайн туршлага, судалгааны үр дүнг Монгол Улсын нөхцөлд нутагшуулахад чухал ач холбогдолтой үйл явдал болов.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал