

НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдлэг, инновацын төв болон НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн хорооноос БНХАУ-ын Санья хотод 2026 оны 9 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжилд зориулсан гео-орон зайн мэдлэг ба инновац” сэдэвт International Symposium on Geospatial Knowledge and Innovation for Climate Resilience and Sustainable Development | Global Geospatial Information Management олон улсын симпозиумд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд оролцож, тус газрын дарга А.Энхманлай “Монгол орны бэлчээрийн газрын мониторинг” сэдэвт, бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, зайнаас тандан судлалын арга ашиглаж буй туршлагын талаар танилцууллаа.


НҮБ-аас зохион байгуулж байгаа энэхүү олон улсын хурал /симпозиум/-д дэлхийн 83 орны төлөөлөгчид оролцож байна.
Тус арга хэмжээ нь туршлага солилцох, шинэлэг үйл ажиллагааг танилцуулах, түншлэлийг бэхжүүлэх, гео-орон зайн мэдлэг, мэдээлэл болон технологийн хэрэглээг нэмэгдүүлэх дараах зорилго бүхий платформыг санал болгож байна. Үүнд:

Газар, далайн эрэг, далайг нэгтгэсэн үндэсний гео-оронзайн экосистемийг хөгжүүлэх гол үйл ажиллагааны чиглэл болох НҮБ-ын гео-орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг /UN-IGIF/ танин мэдэх, ойлгох чадавхийг бэхжүүлэх.

Газар – далайн эрэг – далайг нэгтгэсэн мониторинг, экосистемийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан, Гео-орон зайн мэдээлэл, Дэлхийн ажиглалт болон тоон платформ зэрэг дэвшилтэт гео-орон зайн технологи, инновацыг ашиглах.

Төрийн бодлого, тогтвортой хөгжлийн төлөвлөлт, салбар бүрт нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжих зорилгоор гео-орон зайн мэдээллийг бүрдүүлэх, нэгтгэх, ашиглах байгууллагын, техникийн, удирдлагын чадавхийг бэхжүүлэх.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын гео-орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх явцыг түргэтгэхэд чиглэсэн мэдлэг хуваалцах, бүснутгийн хамтын ажиллагаа, олон талын оролцогч талуудын түншлэлийг дэмжих.