Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бейсен, М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ажилласан.
Энэ хугацаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах өөр хэл дээр батлагдсан газар зүйн нэрийн жагсаалтыг шинээр батлах, өөрчлөхтэй холбогдуулан газар зүйн нэрийн монгол кирил үсгийн латин хөрвүүлгийн стандарт, зарим газар зүйн нэрийн монгол хэлний дүрмийн алдаатай эсэх талаарх лавлагаа, мэдээллийг авсан.
Мөн ажлын хэсгийн ахлагчаас Баян-Өлгий аймагт хамаарах зарим газар зүйн нэрийн талаар Монголын Туваачуудын нийгэмлэгээс ирүүлсэн саналтай холбогдуулан тус нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцон холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, тогтоолын төсөлтэй холбогдуулан 1, 2 дахь заалтын зарим дэвсгэр нэрд хамаарах холбогдох засварыг хийх, тогтоолоор зарим асуудлыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Иймд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.