НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 47 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 47 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан Нийслэлийн Ерөнхий боловсролын 47-р сургууль дээр тус газрын Геодези, зураг зүйн хэлтэс, Геодези болон зураг зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Тав Ди Ворлд” ХХК, “Эм Пи Эм” ХХК-ийн төлөөллүүд хамтран “мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг зохион байгуулахад Нийслэлийн Ерөнхий боловсролын 47-р сургуулийн 9, 10, 11-р ангийн сурагчид, сургалтын менежер, багш нар оролцлоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааг товч танилцуулж, ГЕОДЕЗИ болон ЗУРАГ ЗҮЙ-н (geodesy and cartography) мэргэжлийн талаар сурагчдад ойлголт өглөө.
“Эм Пи Эм” ХХК-ийн захирал Зураг зүйн Зөвлөх инженер зураг зүйн мэргэжлийн онцлогийг танилцуулан өөрийн зүгээс 1:6000000-ны масштабтай Монгол Улсын газар дүрсийн зураг, Монгол Улсын Засаг захиргааны газрын зургийг тус бүр 10 ширхэгийг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Улаанбаатар хотын атлас 5 ширхэгийг тус сургуулийн газарзүйн хичээлийн материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор гардуулан өглөө. Ингэснээр газрын зураг, атласыг сурагчдын газарзүйн хичээлийг илүү цар хүрээгээр судлах боломж бүрдэж газрын зургийг унших, ойлгоход чухал ач холбогдолтой болох юм.
“Тав Ди Ворлд” ХХК-ийн инженерүүд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр нарийвчлалын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан геодезийн хэмжилт, зураглал, (байрлал-өндөр тодорхойлох) нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр (дрон) агаараас газрын зураг авах ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар мэдээлэл хүргэж багажтай ажиллах практик дадлагыг сурагчдын хамт туршиж үзүүллээ.
Сурагчид Геодези болон Зураг зүйн инженер мэргэжил эзэмшсэнээр газрын харилцааны салбарт хаана, ямар ажлыг аль багаж хэрэгслийг ашиглан хэмжилт хийх, өгөгдлөө хэрхэн боловсруулах талаар товч ойлголт авч ирээдүйн мэргэжил сонголтынхоо цар хүрээг нэмэгдүүллээ.
“Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчид болон “Тав Ди Ворлд” ХХК, “Эм Пи Эм” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.