Ойн газар болон Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төслийн удирдлага, албан хаагчдын хамтарсан уулзалт 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтаар ойн сан бүхий газрын ангилал, өнөөгийн нөхцөл байдал, мэдээ мэдээллийн бүрдүүлэлт, боловсруулалт, ойн салбарын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлт, Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэл, түүнчлэн ойн сан бүхий газрын ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Мөн Газрын тухай хууль болон Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн уялдаа холбоог хангах, Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэл болон ойн сан, ой зохион байгуулалтын тооллого, бүртгэлийн мэдээллийг харилцан уялдуулж, нэгдсэн аргачлалаар боловсруулах, статистик мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглан хоёр байгууллагын хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, салбар хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэв.
Уулзалтын үр дүнд дээрх асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Энэхүү уулзалтыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, FAO болон STREAM+ төслийн санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.