2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар Олон улсын газрын эвсэл (ILC) болон Үндэсний газрын эвслийн төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Олон улсын газрын эвслийн Азийн бүсийн зохицуулагч Ану Верма, нөлөөлөл, бүсчлэл, сургалтын ахлах мэргэжилтэн Стефано Ди Гесса болон Үндэсний газрын эвслийн удирдах түвшний төлөөлөгчид оролцож, Монгол Улсад Дэлхийн газрын засаглалын индекс (LandEx), ялангуяа шинээр боловсруулсан Бэлчээрийн газрын эрхийн индексийг нэвтрүүлэх явц, цаашдын төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
Мөн уулзалтын үеэр талууд 2026 оны 6 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн бэлчээрийн бодлогын хэлэлцүүлэг болон 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оролцоог хангах, төлөвлөсөн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гурван талт санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв.