Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 364 газар зүйн нэрэнд өөрчлөлт оруулж, нэмэлт 2067 газар зүйн нэрийг батлуулах гэж байна.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймагт монгол хэлнээс өөр (орос, казак, тува г.м) хэл дээр нэрлэгдэж, батлагдсан 319 газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг хээрийн болон суурин судалгаагаар тогтоон өөрчлөн батлуулах гэж байна. Тухайлбал “Потанины мөсөн гол” гэснийг “Хүйтэний мөсөн гол” гэж, “Жолт уул” гэснийг “Ёлт уул” гэж, “Чихачёвын нуруу” гэснийг “Сийлхэмийн нуруу” гэж өөрчлөнө.
Монгол Алтайн нурууны мөсөн бүрхүүл бүхий зарим уул, оргил, толгой (“Доод хоног толгой”, “Суварга оргил”, “Бүргэд оргил”, “Наран оргил”, “Өлгий оргил”, “Хар Ямаат уул”, Монгол орны хамгийн баруун захын цэг “Мааньт уул”)-н газар зүйн нэрийг олон жил ашиглаж ирсэн боловч албан ёсны болж батлагдаагүй 47 газар зүйн нэрийг нэмэлтээр батлуулна.
Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021-2022 онд гүйцэтгэж газрын зураг дээр тэмдэглэгдсэн, одоог хүртэл ашиглаж байгаа 2020 нэрийг нэмэлтээр, мөн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй, монгол хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 газар зүйн нэрийг өөрчлөн батлуулна.
Газар зүйн нэрийн асуудлыг Монгол хэлний тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын тухай зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээж ашиглуулах үүрэгтэй юм.
Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр боллоо.