Улсын Их Хурлын Пүрэв гарагийн (2026.04.16, 17) нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нар танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, О.Саранчулуун, Ө.Шижир нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулав.
Улсын баруун хязгаарт аж төрдөг Тува, Үзэмчин гээд олон ястны нүүдлийн соёлтой холбоотой газар, усны нэрийг өөрийнхөө хэлний аялга, хэллэгээр нэрлэсээр явцдаа өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдэг тайлбарыг жишээ дурдан Б.Бейсен гишүүн хэлээд, тухайн нутаг орны ахмадуудаас зарим газар нутгийн зөв нэрийг тодруулж, санал аван төсөлд тусгах нь зөв гэдэг санал илэрхийллээ. Зарим газар усны нэрийг хэт утгачилж орчуулаад, нэн ойлгомжгүй байдал үүсгэх вий гэдгээс мөн сэрэмжлэх шаардлагатайг тэмдэглэж байв. Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, байр суурь илэрхийлсэн.
О.Саранчулуун гишүүн Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, уг асуудлыг хүний эрхийн асуудалтай хаягаа уялдуулах шаардлагын талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улаанбаатар хотын гудамж, талбай, байшин барилгын хаяг буруу, Монгол хэлний тухай хуулийг үл хэрэгссэн байдаг зөрчлийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цохоод “Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой энэ асуудлын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн санууллаа.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 364 газар зүйн нэрэнд өөрчлөлт оруулж, нэмэлт 2067 газар зүйн нэрийг батлуулах гэж буй Улсын Их хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн олонх буюу 74.8 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.