Даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт Танд энэ өдрийг мэндийг хүргэе!

      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газрыг төлөвлөх, бүртгэх, үнэлэх, төлөв байдал, чанарыг хянах зэрэг газар зохион байгуулалтын цогцолбор үйл ажиллагааг хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн техник технологийн тусламжтайгаар цахимаар иргэд, олон нийтэд нээлттэй ил тод үйлчилгээг үзүүлж байна. Тус газар нь 2024 онд “Бүсчилсэн хөгжлийг дэмжих- Хариуцлагатай газрын харилцаа”-ны жил хэмээн зарлаж, олон бодит ажлуудыг хийж гүйцэтгэж, тодорхой үр дүнд хүрсэн, шаардлагатай олон шийдвэр, алхамуудыг шат дараатай хэрэгжүүллээ.

      Тухайлбал төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл”-ийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгууллаа. Салбарын тусгай зөвшөөрөл мэргэжлийн байгууллагын эрх олгох асуудлыг ерөнхий газраас цахим системээр 7 хоногт багтаан олгодог боллоо. Мөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлхийн 11 улсын ижил чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн төдийгүй Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурлыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам, Газар, Геоматик /LX/-ийн Корпорацтай хамтран “Монгол улсын Хаягийн системийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Бид бүхэн 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарлаад байна.

Нэрэмжит жилийн хүрээнд:

- Газрын харилцааг зохицуулдаг салбарын гол 5 хууль, 3 журмын төслийг эцэслэн боловсруулж, ЗГ, УИХ-аар хэлэлцүүлж батлуулахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулах;

- Газрын хяналт шалгалтын цахим систем болон Геодези, зураг зүйн удирдлагын цахим системүүдийг шинээр хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх;

- Үйлдвэрлэл технологийн парк, Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр ложистикийн бүс, Төмөр замын зурвас газар, Хөшгийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн авто замын трасс, Хилийн боомтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.ЭНХМАНЛАЙ