Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, бэлчээрийн газрын хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг улсын хэмжээнд 9 дэх жилдээ зохион байгуулан ажиллаа.
Зорилго, ач холбогдол: Бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлтийн явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгож байна.
Хэрэглээний давуу тал: Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргын давуу тал нь богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулах, хэрэглэхэд энгийн, зардал багатай, сэргэн ургалт, доройтлын урт, богино хугацааны өөрчлөлтийг харуулдагт оршино.
Журам заавар: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн А/105 тоот тушаалаар “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам”, “Бэлчээрийн газарт фото мониторинг хийх аргачилсан заавар”, Газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалаар “Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фото мониторингийн мэдээг газрын нэгдсэн системд бүртгэх заавар”-ыг тус тус боловсруулан батлуулж, холбогдох гарын авлага, ном, мониторинг хийх багаж, бусад хэрэгсэлийн хамт аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, сумын газрын даамлуудад хүлээлгэн өгч, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Програм хангамж болон :
1. Мониторингийн судалгааны мэдээллийг “Sample point” программаар боловсруулж байна.
2. Бэлчээрийн фотомониторингийн судалгааны өгөгдлийг цуглуулах гар утасны аппликейшн.
3. Газрын мониторингийн цахим системийн “Бэлчээр” цэс.
4. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (Egazar.gov.mn)-ийн Бэлчээрийн газрын төлөв байдлын статистик цэс.
Статистик тоо баримт: Монгол улс 156’411’575 га газар нутагтай бөгөөд нүүдлийн мал аж ахуйд суурилсан ахуйн соёл, эдийн засгийн түшиг тулгуур, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон бэлчээр 129’369’493 га буюу нийт газар нутгийн 82 хувийг эзэлж байна.
Дээрхи нэгдмэл сангийн бэлчээрийн газраас 122’750’917 га газрыг төлөөлүүлэн бэлчээрийн 5152 мониторингийн цэгт хүн, малын ашиглалтын үр нөлөөг илрүүлэх зорилгоор бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлон гаргасан.
Үр дүн: 2024 оны байдлаар 21 аймгийн 319 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг төлөөлсөн нийт 5314 фото мониторингийн цэг байгаагаас 2024 онд 5152 цэгт хээрийн судалгаа хийж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлэн Газрын мониторингийн цахим системд судалгааны үр дүнг оруулж, https://egazar.gov.mn/map цахим хуудсаар хэрэглэгчдэд нээлттэй хүргэж байна.
Зураг. 2024 оны бэлчээрийн газрын төлөв байдал
Бэлчээрийн фото мониторингийн 2024 оны судалгааны үр дүнд 568 мониторингийн цэг буюу 11% нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 2369 мониторингийн цэг буюу 46% нь бага зэрэг өөрчлөгдсөн, 1090 мониторингийн цэг буюу 21.2% нь дунд зэрэг өөрчлөгдсөн, 837 мониторингийн цэг буюу 16.2% нь хүчтэй өөрчлөгдсөн, 288 мониторингийн цэг буюу 5.6% нь маш хүчтэй өөрчлөгдсөн байна.
2017-2024 оны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, хувь
Тус ажлын үр дүнд бэлчээрийн төлөв байдал нь бага, дунд, хүчтэй, маш хүчтэй доройтсон талбайн хэмжээ 98’090’826 га буюу 79.9 хувь нь ашиглалтын нөлөөлөлд өртсөн байна.
21 аймаг, нийслэлээс ирүүлсэн 2024 оны “Газар хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайлан”-г ГНСТ-10 маягтаар хүлээн авч, улсын хэмжээнд нэгтгэв.
2024 онд улсын хэмжээнд нийт 3,673,616.02 га газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээг авсан бөгөөд өмнө оны дүнгээс 222,138.14 га талбайгаар буурсан байна. Үүнийг дотор нь ангилан үзвэл тариалангийн 175,032.10 га, бэлчээрийн газрын 3,141,337.8 га, хот тосгон, бусад суурин газрын 26,884.17 га, ойн сан бүхий газрын 246,253.77 га, усны сан бүхий газрын 56,517.78 га, зам, шугам сүлжээний газрын 67.89 га, улсын тусгай хэрэгцээний 22,567.01 га газарт хамгаалах арга хэмжээг авсан бол 1,790.5 га газрыг уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээсэн арга хэмжээг авсан байна.
Энэ нь 2023 оны дүнгээс 222,138 га талбайгаар багассан байна. Баянхонгор, Төв, Өвөрхангай, Увс, Дорнод, Хэнтий аймгууд газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хамгийн их төлөвлөж, хэрэгжүүлсэн байна.
Зураг 2.6. Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн талбай, га
(2023 , 2024 он)
Хүснэгт 2.6.1. Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал
Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг олон наст ургамал тарьсан, зурваслан тариалсан, ойн зурвасаар хамгаалагдсан, химийн бордоогоор бордсон, шим ба эрдэс бордоогоор бордсон, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн, хүчтэй элэгдэж, эвдэрсэн тариалан болон атаршсан газрыг нөхөн сэргээсэн гэсэн 6 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 175,032.10 га тариалангийн талбайд хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 4.7 хувийг эзэлж байна.
Тариалангийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 79,914.92 га буюу 46.6%, шим ба эрдэс бордоогоор бордсон 57,465.412 га буюу 32.8%, зурваслан тариалсан 21,854.9 га, химийн бордоогоор бордсон талбай 11,380.5 га, ойн зурвасаар хамгаалагдсан 3,865.13 га, олон наст ургамал тарьсан 443.1 га, хүчтэй элэгдэж, эвдэрсэн тариалан болон атаршсан газрыг нөхөн сэргээсэн арга хэмжээ 108 га эзэлж байна. (Диаграм 2.6.1)
Диаграм 2.6.1. Тариалангийн газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.
Бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайланг элсний нүүлтээс хамгаалсан, тордон сайжруулсан, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн, хог хаягдлаас цэвэрлэсэн, даацыг зохицуулсан, ашиглалтаас чөлөөлсөн, өнжөөсөн, сэлгэж ашигласан, бэлчээр усжуулсан гэсэн 8 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 3,141,337.8 га бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 85.5 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 398,798.49 га талбайгаар их байна.
Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын өнжөөсөн, сэлгэж ашигласан талбай 2,356,355.28 га, хортон шавж, мэрэгчдийн хөнөөлтэй тэмцсэн талбай 409,827.21 га, бэлчээр усжуулсан 204,696.54 га, ашиглалтаас чөлөөлсөн 55,653.94 га, хог хаягдлаас цэвэрлэсэн 7,655.39 га буюу, тордон сайжруулсан 19,283.7 га буюу 0.5%, даацыг тохируулсан 87,819.23 га, элсний нүүлтээс хамгаалсан 46.18 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.2)
Диаграм 2.6.2. Бэлчээрийн газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, % .
Хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг хөрсжүүлж зүлэгжүүлсэн, мод бут сөөг тарьсан, далан хаалтаар хамгаалсан, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан, ахуйн хог хаягдлаас цэвэрлэсэн, үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн, элсний нүүлтээс хамгаалсан, химийн болон цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэсэн 8 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 26,884.17 га хот, тосгон, бусад суурины газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан нь нийт талбайн 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 3,388.89 га талбайгаар их байна.
Хот тосгон, бусад суурины газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн талбай 25,919.19 га, мод бут, сөөг тарьсан талбай 744.76 га, нүх, гуу жалгыг тэгшилж янзалсан 115.81 га, далан хаалтаар хамгаалсан 5 га, үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэсэн 21 га, элсний нүүлтээс хамгаалсан 49.7 га, хөрсжүүлж зүлэгжүүлсэн 28.65 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.3)
Диаграм 2.6.3. Хот, тосгон, бусад суурины газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, % .
Уурхайн эдэлбэр газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ухагдаж, эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булсан, дарж булсан талбайг хөрсжүүлж, ургамалжуулсан биологийн нөхөн сэргээлт хийсэн, эвдрэлд өртсөн голын эрэг хавийн газрыг сэргээсэн /голын гольдролыг буцааж хэвэнд нь оруулсан гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 4,955.38 га уурхайн эдэлбэр газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Уурхайн эдэлбэр газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг ухагдаж, эвдэрсэн газрыг эргүүлэн дарж булсан 2,165.26 га, дарж булсан талбайг хөрсжүүлж, ургамалжуулсан биологийн нөхөн сэргээлт хийсэн 1,769.48 га, эвдрэлд өртсөн голын эрэг хавийн газрыг нөхөн сэргээсэн 1,020.64 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.4)
Диаграм 2.6.4. Уурхайн эдэлбэр бүхий газрын хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.
Ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайланг ойн цэвэрлэгээ хийсэн, өвчин хортон шавжтай тэмцэх арга хэмжээ авсан, мод бут сөөг шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 246,253.77 га ойн сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан байна. Ойн сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг өвчин, хортон шавжтай тэмцэх арга хэмжээ авсан талбай 238,573.58 га, ойн цэвэрлэгээ хийсэн талбай 3,070.09 га, мод, бут, сөөг, шинээр тарьсан, нөхөн суулгалт хийсэн талбай 4,616.90 га тус тус эзэлж байна. (диаграм 2.6.5)
Диаграм 2.6.5. Ойн сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлсэн байдал, %.
Усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан, усны үер, эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авсан гэсэн 3 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 56,517.78 га усны сан бүхий газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан байна. Энэ нь урьд оныхоос 30,497.9 га талбайгаар их байна.
Усны сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авсан газрын дийлэнх хэсгийг усны үер, эвдрэлээс хамгалах арга хэмжээ авсан 7.69 га, усны эх булаг, эрэг орчмын газрын хөрсийг цэвэрлэх, хамгаалах арга хэмжээ авсан 55,745.63 га, ус, усан орчныг цэвэрлэх, цэвэршүүлэх арга хэмжээ авсан талбай 625.08 га тус тус эзэлж байна. (Диаграм 2.6.6)
Диаграм 2.6.6. Усны сан бүхий газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ хэрэгжүүлсэн, %.
Зам, шугам сүлжээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг авто зам, төмөр замын эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн, цахилгаан эрчим хүч, болон харилцаа холбооны чиглэлээр болон бусад гэсэн үзүүлэлтүүдээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 67.89 га зам, шугам сүлжээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх хэмжээ авсан нь нийт талбайн 0.001 хувийг эзэлж байна.
Зам, шугам сүлжээний газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан газрын авто зам, төмөр замын эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 67.89 га эзэлж байна.
Улсын тусгай хэрэгцээний газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайланг мод, зүлэг тарьж ногоон байгууламж бий болсон, улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлсэн газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, тэжээлийн ургамал, олон наст тариалсан, элэгдэж, эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн, хог хаягдал дарж булшилсан, тэгшилсэн, хоргүйжүүлсэн гэсэн үзүүлэлтүүдээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 22,567.01 га улсын тусгай хэрэгцээний газрыг хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээ авсан ба дээрх тусгай хэрэгцээний газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга 22,567.01 га талбайд хэрэгжүүлсэн байна.
Улсын хэмжээнд 2024 онд нийт 3,453,181.4 га газарт хохирол учирсан байгаа бөгөөд өмнөх оны дүнгээс 4,891,087.7 га талбайгаар бага байна. Үүнийг ангилан үзвэл тариалангийн 73,553.41 га, бэлчээрийн газрын 2,838,484.73 га, хот, тосгон, бусад суурин газрын 20,968.89 га, ойн сан бүхий газрын 515’283.40 га, усны сан бүхий газрын 1,085.18 га, зам, шугам сүлжээний 3,805.85 га газарт тус тус хохирол учирсан байна.
2023 оны дүнтэй харьцуулбал 3,499,504.9 га буюу 41%-иар буурсан байна. (Зураг 2.5)
Зураг 2.5. Газарт учруулсан хохирлын талбайн хэмжээ, га (2023, 2024 он).
Хүснэгт 2.5.1. Газарт учруулсан хохирол
Тариалангийн газрын хохирлын тайланг салхи, усны элэгдэл эвдрэлд орсон, үржил шимийн бууралттай, мэрэгчид, хортон шавьжид нэрвэгдсэн, хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон, химийн бодис болон гербицид, песицидээр бохирдсон, хог ургамалд нэрвэгдсэн, чулуужилт, давсжилт, намагжилтад орсноос хаягдсан гэсэн 8 үзүүлэлтээр тогтоодог.
Улсын хэмжээнд нийт 73,553.41 га тариалангийн талбайд хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 0.46 хувийг эзэлж байна. Энэ нь урьд оныхоос 9,221.09 га талбайгаар багассан байна.
Тариалангийн газарт хамгийн их хохирол учруулсан хүчин зүйл бол мэрэгчид, хортон шавжийн нөлөө 33,432.52 га, үржил шимийн бууралттай 30,022.61 га талбай байна.
Хохирол учирсан талбайг үзвэл химийн бодисоор бохирдсон 7,542.08 га, усны эвдрэлд орсон 538.38 га, салхины эвдрэлд орсон 861.46 га, чулуужилт, давсжилт, намагжилтад орсноос хаягдсан 467.42 га, хог ургамалд нэрвэгдсэн 142.35 га гэсэн дүнтэй байна. (Диаграм 2.5.1)
Диаграм 2.5.1. Тариалангийн газарт учруулсан хохирлын төрөл,% .
Бэлчээрийн газрын хохирлын тайланг талхлагдсан, салхи, усны эвдрэлд орсон, намагжсан, элсний нүүлтэд орсон, мэрэгчид, хортон шавжид идэгдсэн, цөлжсөн, ашигт малтмалын олборлолтод өртсөн, газрын тосны олборлолтоос бохирдсон, түймэрт өртсөн гэсэн 9 үзүүлэлтээр гаргадаг.
Бэлчээрийн газрын хохирлын тайланг талхлагдсан, салхи, усны эвдрэлд орсон, намагжсан, элсний нүүлтэд орсон, мэрэгчид, хортон шавжид идэгдсэн, цөлжсөн, ашигт малтмалын олборлолтод өртсөн, газрын тосны олборлолтоос бохирдсон, түймэрт өртсөн гэсэн 9 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 2,838,484.73 га бэлчээрт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 80.11 хувийг эзэлж байна.
Нийт хохирол учирсан бэлчээрийн талбайн 1,431,263.70 га талхлагдсан талбай нь хамгийн их хохирол учруулсан хүчин зүйл болсон байна.
Бусад хохирол учирсан бэлчээрийн газрыг ангилж үзвэл талхлагдсан 1,431,263.70 га, мэрэгчид, хортон шавжид идэгдсэн 861,025.40 га , элсний нүүлтэд орсон 63,779.57 га, цөлжсөн 1,827.31 га, салхи, усны эвдрэлд орсон 838.40 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 3,543.77 га талбай байна. (Диаграм 2.5.2)
Диаграм 2.5.2.Бэлчээртучруулсан хохирлын төрөл, % .
Улсын хэмжээнд нийт 20,968.89 га хот суурины газарт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 0.59 хувийг эзэлж байна.
Хот тосгон, бусад суурин газрын бохирдолд нөлөөлсөн гол хүчин зүйл нь ахуйн хог хаягдлаар бохирдсон бохирдол 18,556.67 га талбай байна.
Бусад хохирол учирсан талбайг үзвэл бусад ургамлын бүрхэвчгүй болсон 309.90 га, элсний нүүлтэд орсон 525.0 га, үйлдвэрийн хог хаягдлаар бохирдсон 51.10 га, шатах тослох материал болон хүнд материалаар бохирдсон 170.81 га, ашигт малтмалын олборлолтоос болон ухагдаж эвдэрсэн 1,355.40 га гэсэн дүнтэй байна. (Диаграм 2.5.3)
Диаграм 2.5.3. Хот, тосгон, бусад суурины газарт учруулсанхохирлын төрөл, % .
Ойн сан бүхий газрын хохирлын тайланг түймэрт нэрвэгдсэн, өвчин, хортон шавьжинд идэгдсэн, мод бут, сөөг, загийг огтолсон, ашигт малтмалын олборлолтод өртсөн, бусад гэсэн 5 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 515,283.40 га ойн сан бүхий газарт хохирол учирсан нь хохирол учирсан нийт талбайн 14.5 хувийг эзэлж байна.
Ойн сан бүхий газарт хамгийн их хохирол учруулсан хүчин зүйлийг үзвэл өвчин хортон шавжид идэгдсэн 504,910.05 га, түймэрт нэрвэгдсэн 3,183.32 га, мод бут, сөөг, загийг огтолсон 1,851.06 га талбай байна. (Диаграм 2.5.4)
Диаграм 2.5.4. Ойн сан бүхий газарт учруулсан хохирлын төрөл, %.
Усны сан бүхий газрын хохирлын тайланг гадаргын болон гүний ус бохирдсон, үйлдвэрийн хордолт, бохирдолтод өртсөн эрэг хавийн газар, ашигт малтмалын олборлолтоос эвдрэлд өртсөн эрэг хавийн газар, бусад гэсэн 4 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 1,085.18 га усны сан бүхий газарт хохирол учирсан нь улсын хэмжээнд хохирол учирсан нийт талбайн 0.03 хувийг эзэлж байна.
Усны сан бүхий газрын хамгийн их хохирол учирсан талбайд гадаргын болон гүний ус бохирдсон 148.0 га, мал болон хүний үйл ажиллагаанаас булаг шанд, худаг ойр орчмын газар 336.20 га, ашигт малтмалын олборлолтоос эвдрэлд өртсөн эрэг хавийн газар 600.97 га талбай байна. (Диаграм 2.5.4)
Диаграм 2.5.5. Усны сан бүхий газарт учруулсан хохирлын төрөл, %.
Зам, шугам сүлжээний газрын хохирлын тайланг цахилгаан эрчим хүч, барилга засвар, зам тээвэр, холбоо үйлчилгээний ажлаас бохирдсон, зам, шугам сүлжээний ажлаас шалтгаалан ухагдаж эвдэрсэн, байгалийн гамшиг болон үерийн улмаас нуранги, гуу жалга үүссэн, хий дамжуулах хоолой, барилга байгууламж барих ажлаас үүссэн гэсэн 4 үзүүлэлтээр гаргадаг.
Улсын хэмжээнд нийт 3,805.50 га зам, шугам сүлжээний газарт хохирол учруулсан нь хохирол учруулсан нийт талбайн 0.1 хувийг эзэлж байна.
Зам, шугам сүлжээний газарт байгалийн гамшиг болон үерийн улмаас нуранги, гуу жалга үүссэн талбай 152.0 га, зам, шугам сүлжээний ажлаас шалтгаалан ухагдаж эвдэрсэн 3,627.14 га, цахилгаан эрчим хүч, барилга засвар, зам тээвэр, холбоо үйлчилгээний ажлаас бохирдсон 26.71 га талбай байна. (Диаграм 2.5.6)
Диаграм 2.5.6. Зам, шугам сүлжээний газарт учруулсанхохирлын төрөл, % .
Газрын тухай хуульд зааснаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.
Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааг ГЗБГЗЗЕГ-аас 2024 онд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн бүх сумдыг хамруулж, газрын мониторингийн сүлжээний хот, тосгон, бусад суурины газрын 300 мониторингийн цэгт хийж гүйцэтгэсэн.
Тус ажлыг гүйцэтгэснээр хот, тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлаар сумын төвийн ургамлан нөмрөг, хөрсөн бүрхэвч, газар ашиглалтын ашиглалтын онцлог зэргээс хамааруулан тодорхой нэгж талбаруудад хувааж тухайн үеийн газрын төрх, төлөв байдал, чанарыг газар ашиглалт, тэдгээрийн төрлөөс хамааруулан Монгол улсын Газрын тухай хуулинд заасан үзүүлэлтүүдээр илэрхийлэн, нэгж талбарын сүлжээний зурагт оруулж, хянан баталгааны тайлан, дүгнэлт гаргаж нэгж талбар бүрт дүгнэлт бичигддэг. Ингэснээр тухайн эзэмшигч, ашиглагчийн эзэмшил, ашиглалтад байгаа газарт гарч буй өөрчлөлтийг тодорхойлсны үндсэн дээр байгаль орчны тэнцвэртэй байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд төрийн зүгээс хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдэх боломжтой.
Мөн хянан баталгааны үр дүн нь газрын нөөцийн кадастрын мэдээллийн санг бүрдүүлэх, газарт эдийн засгийн үнэлгээ өгөх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлуудын суурь материал болдог бөгөөд цаашид газрын харилцааны олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү ажлын хүрээнд газрын төлөв байдал, чанарыг хээрийн судалгаагаар судлан тогтоож, өмнө нь хийгдсэн хянан баталгааны үр дүнтэй харьцуулж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг боловсруулж, сүлжээний зураг, мониторингийн 321 цэгийн хувийн хэргийг бүрдүүлээд байгаа бөгөөд тус аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар үр дүнг үндэслэн сумдын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд элэгдэл эвдрэлд өртсөн газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, иргэн, хуулийн этгээдэд шинээр өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон газарт хянан баталгааны дүгнэлтийг гаргах боломж бүрдсэн. Энэ ажлын хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнд:
· Төв аймгийн нийт сумдын хот, тосгон, бусад суурины газрын 111 цэг бүхий хянан баталгааны талбарын нийт 6,956.9 га талбай дээр гадны нөлөөгөөр үүсч бий болсон хөрсний зулгаралт, бохирдолт, салхины элэгдэл, усны эвдрэл, элсжилт, гуу жалга, ухсан нүх, овоолго, ургамлан нөмрөгийн доройтлын хэмжээг тогтооход 860.1 га буюу нийт судалгаанд хамрагдсан талбарын 12.4% нь доройтолтой, 16 цэгт биологийн бохирдолтой байгааг;
· Сүхбаатар аймгийн нийт сумдын хот, тосгон, бусад суурины газрын 53 цэг бүхий хянан баталгааны талбарын нийт 3,179 га талбай дээр гадны нөлөөгөөр үүсч бий болсон хөрсний зулгаралт, бохирдолт, салхины элэгдэл, усны эвдрэл, элсжилт, гуу жалга, ухсан нүх, овоолго, ургамлан нөмрөгийн доройтлын хэмжээг тогтооход 186.2 га буюу нийт судалгаанд хамрагдсан талбарын 5.85% нь доройтолтой, 14 цэгт биологийн бохирдолтой байгааг;
· Хэнтий аймгийн нийт сумдын хот, тосгон, бусад суурины газрын 86 цэг бүхий хянан баталгааны талбарын нийт 8,151.5 га талбай дээр гадны нөлөөгөөр үүсч бий болсон хөрсний зулгаралт, бохирдолт, салхины элэгдэл, усны эвдрэл, элсжилт, гуу жалга, ухсан нүх, овоолго, ургамлан нөмрөгийн доройтлын хэмжээг тогтооход 733.8 га буюу нийт судалгаанд хамрагдсан талбарын 9% нь доройтолтой, 9 цэгт биологийн бохирдолтой байгааг;
· Дорноговь аймгийн нийт сумдын хот, тосгон, бусад суурины газрын 76 цэг бүхий хянан баталгааны талбарын нийт 32,434.6 га талбай дээр гадны нөлөөгөөр үүсч бий болсон хөрсний зулгаралт, бохирдолт, салхины элэгдэл, усны эвдрэл, элсжилт, гуу жалга, ухсан нүх, овоолго, ургамлан нөмрөгийн доройтлын хэмжээг тогтооход 2,273.1 га буюу нийт судалгаанд хамрагдсан талбарын 7.01% нь доройтолтой, 25 цэгт биологийн бохирдолтой байгааг тус тус тодорхойлсон байна.
2024 онд хийгдсэн төлөвлөгөөт хянан баталгааны ажлын
хээрийн судалгааны маршрут
2024 онд хийгдсэн төлөвлөгөөт хянан баталгааны ажлын үр дүнд гарсан
Төв аймгийн хэмжээнд хөрсний элэгдэл, эвдрэлд өртсөн газрын судалгаа
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа нь Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу газрын төлөв байдал, чанарын тогтвортой гол үзүүлэлтүүдийг 5 жил тутамд давтан тодорхойлох, анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Ингэснээр газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилготой.
Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрынхаа төлөв байдал, чанар, бохирдол, доройтлын судалгааг хийлгэж, эрүүл ахуй, хүнд металлын бохирдолтой эсэх талаар мэдсэнээр өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах, газраа хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлж, газрын төлөв байдал чанарыг дээшлүүлэх газрынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүнийг газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаагаар хийдэг бөгөөд www.egazar.gov.mn цахим хуудсанд Дан системээр нэвтэрч, өөрийн нэгж талбарыг сонгон “Мэдэгдэх хуудас” гэсэн товчийг дарж, мэдэгдэх хуудсыг татаж авна.
Мэдэгдэх хуудсаа эрх бүхий мэргэжлийн байгууллагад өгч тайлан, дүгнэлт гаргуулна. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан, дүгнэлтийг тухайн харъяа аймаг, нийслэл, дүүргийн байнгын шинжээч болон агентлагийн ерөнхий шинжээч хянан үзэж, дүгнэлтийг баталгаажуулдаг. Мэрэгжлийн байгууллагын жагсаалтыг www.egazar.gov.mn болон www.license.gov.mn цахим хуудсанд хандан харах боломжтой.
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг Засгийн газраас 2024 онд шинэчлэн баталсан бөгөөд дараах онцлох асуудлыг зохицуулж байна. Үүд:
- Шинэчлэгдэн батлагдсан журмын 2.5-д “Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн газарт хийгдсэн хянан баталгааны дүгнэлтийн хугацаа 5 жилээс хэтрээгүй бол уг дүгнэлтийг үндэслэнэ” гэж өөрчлөгдсөн тул иргэн та газраа эрх зүйн харилцаанд оруулах бүрт дахин хянан баталгаа хийлгэх шаардлагагүй болсон.
- Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үед хянан баталгааны дүгнэлтийг харьяа газрын байнгын шинжээчид хандан дараагийн өмчлөгч, эзэмшигчийн нэр дээр гаргуулах боломжтой болсон.
- Харин газрын зориулалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөн ашигласан тохиолдолд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг заавал хийлгүүлэхээр заасан.
Улсын хэмжээнд 2024 онд 17,609 нэгж талбар буюу 585,107 га талбайд захиалгат хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулаад байна. Үүнээс 1,673 нэгж талбарт 3,291.6 га талбайг илүү ашигласан, хүнд металын бохирдол илэрсэн 98 нэгж талбар, физикийн нөлөөлөлд өртсөн 3,318 нэгж талбар, эрүүл ахуйн бохирдолд өртсөн 139 нэгж талбар байгааг судалж тогтоосон.