Үндэсний Геопортал гэж юу вэ?
https://nsdi.gov.mn
Дэлхий нийтийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал, Монгол улсын цахим шилжилттэй
холбоотой байрлалд суурилсан их өгөгдөл, орон зайн дэд бүтцийг байгуулах,
цахим орчинд орон зайн мэдээллийг бүрдүүлэх, түгээх, төр болон хувийн
хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бий болгох, төрийн үйлчилгээг тэгш
хүртээмжтэй явуулахад орон зайн цахим системийг байгуулах нэн шаардлага
тулгарч байна.
2018 оны наймдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Орон зайн
мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны наймдугаар хурлаар Орон зайн
мэдээллийн нэгдсэн хүрээг баталсан бөгөөд энэхүү баримт бичгийг үндэсний
хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөхүүдийн хорооноос "Тогтвортой хөгжлийн
2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн
менежментийн чадавхыг бэхжүүлэх" төслийг Африк, Ази, номхон далайн бүр
нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн
хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зургаан улсын нэгээр Монгол улсыг
сонгосон нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах,
орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх ажлын эхлэл болсон.
Тэгвэл бид өнөөдөр цахим шилжилтийн хаана явна вэ.
Өнөөдөр Монгол улсад орон зайн өгөгдлийн сан бүрдүүлдэг, ашигладаг төрийн
болон төрийн бус олон байгууллага байгаа бөгөөд эдгээр сангуудын хоорондын
уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг
бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой
стандарт, баримт бичгийн зохицуулалтгүй явж ирсэн.
Үүний шийдэх гарц бол Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем юм.
Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог
ханган, нэгдсэн стандартын дагуу орон зайн өгөгдлийг бүрдүүлж ашигласнаар
төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах юм.
Орон зайн өгөгдөл мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ
Орон зайн өгөгдөл гэж газрын гадарга дээрх, доорх ус, агаар, сансрын орон
зайд орших байгалийн болон хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет юмс,
үзэгдлийн байршил, хэмжээ, шинж чанарыг тодорхойлж буй өгөгдлийг, орон зайн
мэдээлэл гэж орон зайн өгөгдлөөс шийдвэр гаргах зорилгоор боловсруулан
гаргаж авсан мэдээллийг хэлнэ. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн
чиглэлээр төрөл бүрийн бодлого тодорхойлолт, шийдвэр гаргалт, төлөвлөлт,
бүтээн байгуулалт болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд
зайлшгүй шаардагдах орон зайн өгөгдөл, мэдээллийг “суурь” гэсэн тодотголоор
олон улсад хэрэглэдэг. “Суурь орон зайн өгөгдөл” гэж
дэлхийн гадаргаас шууд хэмжигдэх буюу хүний нүдэнд харагдах харьцангуй урт
хугацаанд үл өөрчлөгдөх орон зайн өгөгдлийг хэлдэг байна.
ГЗБГЗЗЕГ-аас 18 суурь орон зайн өгөгдлийг тодорхойлсон. Эдгээрт:
- Геодезийн тулгуур сүлжээ
-
- Байр зүйн зураг
-
- Хил зааг
-
- Хаяг
-
- Барилга, суурин
-
- Өндөр, гүн
-
- Газарзүйн нэр
-
- Газар ашиглалт
-
- Газрын бүрхэвч
-
- Нэгж талбар
-
- Дэд бүтэц
-
- Тээврийн сүлжээ
-
- Ус зүй
-
- Орто зураг
-
- Хөрс
-
- Геологи
-
- Түүх, соёлын өв
-
Бүтээгдэхүүн үйлчилгээг эдгээр 18 суурь орон зайн өгөгдлийн хүрээнд,
тэдгээрийн онцлогт тохируулан тодорхойлно. Орон зайн өгөгдөл мэдээллийн
агуулга, нууцлалын зэрэг, ач холбогдлоос хамааруулан хандах эрхийн төрөл
харилцан адилгүй байх бөгөөд дээр тодорхойлсон 18 суурь өгөгдлийн ангилалд
хамаарах өгөгдлүүдийн зарим нь төрийн нууцад хамаардаг, зарим хэсгийг
нээлттэй өгөгдлийн жагсаалтаар баталсан тул хандах эрхээс хамааран
нээлттэй, төлбөртэй, хаалттай гэсэн 3 төрөлтэй байхаар байна.