ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ

Газрын биржийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжууд:

  • “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.6 зорилтын 3.6.5-д “Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгоно”,
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.3-т “Хиймэл оюун ухаан болон блокчейн, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангасан технологид суурилсан газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэл, үнэлгээ, төлбөр, татвар, биржийн системийг хөгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлнэ
  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.6-д “Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан газрын биржийн үйл ажиллагааны тодорхой хувиар газар хөгжүүлэх санг бүрдүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах”

  • Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт Засгийн газрын бүрэн эрхэд “Газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох” гэж заасан.
  • Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.7 дахь заалт газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд “Газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах” гэж заасан.

  • Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”
  • Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын биржийн үйл ажиллагааны журам”
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тушаал “Газрын биржийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”
  • Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаар тушаал “Газрын биржийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”.
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169 дугаар тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах заавар”
Газрын биржийн үйл ажиллагаа:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

mle image

Зураг1. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг эрхэлнэ.

Үүнд:

  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;
  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;
  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;
  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;
  • Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;
  • Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх;

Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Мөн чөлөөт бүс, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон банк санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

Иргэд, хуулийн этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээг авах боломжтой болсон.

2024 онд улсын хэмжээнп 2,154 удаа газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулснаас 1,017 дуудлага худалдаа хүчинтэй буюу 3,779.54 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшүүлсэн.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4 тэрбум төгрөг улсын төсөвт ордог байсан бол Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлж, дуудлага худалдааг цахимаар зохион байгуулдаг болсноор дуудлага худалдаанаас улсын төсөвт орох орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2024 оны байдлаар дуудлага худалдааны орлого 25.5 тэрбум төгрөг буюу 6.4 дахин өссөн байдалтай байна.

Хүснэгт-1. Дуудлага худалдаа зохион байгуулсан тоо, оролцогч, орлого /2016-2024 он/

mle image

mle image

Зураг 1. 2010-2024 онд улсын хэмжээнд газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаагаар улсын төсөвт орсон орлого /тэрбум төгрөг/

mle image

Зураг 1. Газрын биржийн цахим системийг ашиглан дуудлага худалдаа зохион байгуулсан байдал (2024 он).

Мөн Газрын биржийн цахим системээр газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт болон малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулж зохион байгуулна. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх болсон.

Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхдээ мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын тэжээл, тэжээлийн ургамал тарих, тэжээлийн үйлдвэрлэлийн цех, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих, эрчимжсэн мал аж ахуйн ферм, гахай, шувуу, зөгий, цаа бугын ферм, мал төхөөрөх цех, үйлдвэр, малын гаралтай түүхий эд авах цэг, агуулах, зоорь, хөргүүрийн байгууламж, малын гаралтай түүхий эд, дайвар болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа хамаарна.

2024 онд зохион байгуулагдсан газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг ангилж үзэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 буюу 0.4 хувь, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 17 буюу 1.9 хувь, малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 881 буюу 97.7 хувийг зохион байгуулсан байна. Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулж зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтаас 431 нь буюу 48.92 хувь нь гэрээ байгуулж нийт 1,755.24 газрыг малчдын хоршоонд эзэмшүүлсэн байна. Харин 423 нь буюу 48.01 хувь нь төсөл ирээгүй, 29 нь буюу 3.06 хувь нь шаардлага хангаагүйн улмаас хүчингүй болсон байна.

mle image

Зураг 9. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан байдал.

Мөн газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг ашиглан газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна.

mle image

Зураг 1. Газрын биржийн цахим системд газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулсан байдал (2024 он).

2024 оны жилийн эцсийн байдлаар Газрын биржийн цахим системд нийт 10723 газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ бүртгэсэн. Бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 8747, худалдаа үйлчилгээний зориулалттай 651, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1187, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 138 үнийн мэдээ тус тус эзэлж байна. Тухайн онд цуглуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээний 81.5 хувийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн мэдээ, 6.1 хувийг худалдаа үйлчилгээний зориулалттай газрын үнийн мэдээ, 11.1 хувийг хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийн мэдээ, 1.3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийн мэдээ эзэлж байна.

Иргэн, хуулийн этгээд Газрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүртгүүлж www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой. Мөн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучлах, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн өөрийн өмчлөлд байгаа газраа дуудлага худалдаагаар худалдах хүсэлтийг харъяа аймаг, нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж дуудлага худалдааг зохион байгуулан бусдад шилжүүлэх боломжтой юм.

Газрын үнэлгээний цахим систем

Газрын үнэд байршил, зориулалт, орчин нөхцөл, инженерийн шугам сүлжээ, бичиг баримтын бүрэн эсэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна барилга барих тусгай зөвшөөрөл буюу техникийн нөхцөл, газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, төр засгийн бодлого шийдвэрээс ихээхэн хамаардаг.

Мөн газар, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь инфляцийн эсрэг сайн хамгаалалт болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонирхдог бөгөөд газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг судлан зах зээлийн бүтэц, оролцогч талуудын оролцоо, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судалж дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Иймд газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тус системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, сумдын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна.

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /ГХ/, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай /ХАА/, худалдаа үйлчилгээний зориулалттай /ХҮ/, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай /Ү/ гэсэн 4 төрлөөр цуглуулж байгаа бөгөөд газрын эрхээ шилжүүлж байгаа худалдагчаас, шилжүүлж авч байгаа худалдан авагчаас, түрээслэгч, түрээслүүлэгч болон бусад эх сурвалжаас бүрдүүлж байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар Газрын биржийн цахим системд нийт 10723 газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээ бүртгэсэн. Бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 8747, худалдаа үйлчилгээний зориулалттай 651, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1187, хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 138 үнийн мэдээ тус тус эзэлж байна (хүснэгт 1).

birj image

2024 онд цуглуулсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээний 81.5 хувийг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн мэдээ, 6.1 хувийг худалдаа үйлчилгээний зориулалттай газрын үнийн мэдээ, 11.1 хувийг хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийн мэдээ, 1.3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийн мэдээ эзэлж байна.

birj image

Нийт цуглуулсан үнийн мэдээний 98.7 хувь нь худалдагсан үнэ, 1.2 хувь нь үнэлэгдсэн болон түрээсийн үнэ, 0.1 хувийг худалдахаар санал болгож буй үнэ тус тус эзлэж байна.

birj image birj image

2024 онд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 2418 үнийн мэдээ цуглуулсан бөгөөд нийт цуглуулсан үнийн мэдээний 2386 буюу 98.6 хувь нь өмчилсөн газрын үнийн мэдээ байна. Үүнээс үзэхэд иргэдийн өмчилсөн газар илүү их зах зээлийн эргэлтэд орсон байна.

birj image

Улаанбаатар хотын хувьд 2418 үнийн мэдээ цугласан бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар зэрэг нэгж талбар ихтэй дүүргийн хувьд газрын эрх шилжүүлэх, шилжилт хөдөлгөөн хамгийн их хийгдэж байна. Мөн түүнчлэн эрх шилжүүлж байгаа газрын 2088 буюу 86.3 хувь нь ямар нэг үл хөдлөх хөрөнгөгүй газар байна. Энэ нь иргэдийн газар зах зээлийн эргэлтэд орж газрын үнэ цэнэ нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

birj image

Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын суурь үнэлгээг газрын зах зээлийн үнийн мэдээнд үндэслэн газрын үнэлгээнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн (Хүрээлэн буй орчны, инженерийн дэд бүтцийн, нийгмийн дэд бүтцийн) утгыг тооцож тухайн газрын суурь үнэлгээг тооцох боломжтой газрын үнэлгээний (CAMA) цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэв.

Газрын үнэлгээний мэдээллийн системд дараах үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээллийг шинэчлэн сервис үйлчилгээгээр авдаг болсон. Үүнд:

1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцээс

- Бохир усны шугам

- Цэвэр усны шугам

- Дулааны шугам

- Авто зам

- Цахилгааны шугам

- Нийтийн тээврийн буудал

- Худаг

2. Кадастрын мэдээллийн сангаас

- Эмнэлэг

- Сургууль

- Цэцэрлэг

- Төрийн үйлчилгээний байгууллага

- Худалдааны төв

- Ахуйн үйлчилгээний төв

birj image

2024 оны байдлаар газрын үнэлгээний цахим системд ашиглан улсын хэмжээнд хот, тосгон, бусад суурин газрын нийт 39795 нэгж талбарын газрын зах зээлийн үнийн мэдээг боловсруулан үр дүнг ашиглан 1522868 нэгж талбарт масс үнэлгээ бодуулж, газрын үнэлгээний бүсчлэл болон 1 га газрын суурь үнийг боловсруулсан. Ойн сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал боловсруулан газрын үнэлгээний системд оруулж 4 тойрог /муж/ 31 төрлөөр үнэлж ойн сангийн газрын эдийн засгийн үнийг тооцоолон гаргасан. Усны сан газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулан газрын үнэлгээний системд оруулсан бөгөөд 29 тойргоор усны сан бүхий газрын эдийн засгийн үнэлгээг боловсруулсан. Харин Хөдөө аж ахуйн газрын тариалангийн газрын үнэлгээг боловсруулах 482 нэгж талбарын чанарын оноог тооцож 1179 нэгж талбарыг масс үнэлгээгээр үнэлж тариалангийн газрыг 5 тойргоор газрын эдийн засгийн үнэлгээг тооцсон.

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тус системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, сумдын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж газрын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж байна.

ГАЗРЫН ТӨЛБӨР татварын цахим систем

Газрын татвар, төлбөрийн системээр иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газарт газрын төлбөр, татварын хэмжээг засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээ, тухайн шатны ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ, холбогдох хууль, тогтоомжид заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлж, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг программ хангамжийн тусламжтайгаар ногдуулалт хийж төлбөл зохих татвар, төлбөрийн дүнг төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох ХУР системээр дамжуулан Татварын удирдлагын нэгдсэн системд илгээдэг. Татварын удирдлагын нэгдсэн системээс иргэн, аж ахуйн нэгжид нэхэмжлэх үүсгэж, илгээх, нэхэмжлэхийн дагуу иргэн дурын банкны болон ebarimt аппликэйшн ашиглан газрын татвар, төлбөрөө төлөх боломжтой бөгөөд төлөгдсөн төлбөрийг энэхүү систем тухай бүр бүртгэж авдаг юм.

Энэхүү систем нь газрын татвар, төлбөрийг үнэн зөв, нарийвчлалтай тогтоох, Төрийн үйлчилгээний ачаалал буурах, ногдуулалт, төлөлтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, иргэн бүр хянах боломжийг бүрдүүлсэн.

Мөн иргэд газрын үнэ, үнэлгээ, төлбөр, татвартай холбоотой нээлттэй мэдээллийг www.egazar.gov.mn цахим хуудсанд хандан авах бөгөөд ДАН системээр нэвтрэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын үнэлгээ, татвар, төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжийг олгосон юм.

Улсын хэмжээнд 2024 оны газрын төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт 160 тэрбум 856 сая төгрөгийг оруулахаар төлөвлөснөөс 177 тэрбум 158 сая төгрөгийн ногдуулалт хийж, нийт 142 тэрбум 181 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 88.4 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна

birj image

birj image

Газрын төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш газрын төлбөрийн орлогоос 1 их наяд 178 тэрбум 897 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өссөн дүнгээр нийт 1 их наяд 97 тэрбум 269 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

birj image

Газрын, төлбөр татварын цахим системийн 2020 онд нэвтрүүлснээс хойш газрын төлбөрийн орлого огцом нэмэгдсэн бөгөөд 1998 онтой харьцуулж үзэхэд 2024 оны газрын төлбөрийн орлого 92.2 дахин нэмэгдсэн байдалтай байна.

Тайлант оны газрын төлбөрийн орлогыг өмнөх онтой харьцуулахад 1 тэрбум 693 сая төгрөгөөр өссөн дүнтэй байгаа нь Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд суурилсан Газрын төлбөр, татварын системээр эрх зүйн харилцаа үүссэн бүртгэлтэй нийт нэгж талбарт ногдуулалт хийж, Татварын системд илгээж байгаа бөгөөд цаашид газрын төлбөрийн орлого нэмэгдэх хандлагатай байна. Мөн уул уурхайн ашиглалтын лиценз бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газарт олгогдсон газруудыг цахим системд бүрэн бүртгэж баталгаажуулснаар газрын төлбөрийн орлого өсөх боломжтой юм.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Газрын биржийн хэлтэс

Мэдээлэл хариуцагч: А.Энхбаатар

Утас: (51) 260785

Имэйл: enkhbaatar.a@gazar.gov.mn