2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсаны дагуу уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 280 болон 2019 оны 325 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ыг, 2019 оны 325 дугаар тогтоолоор “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS5283:2014 стандарт”-ыг Стандартчилал, хэмжил зүйн газрын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 17 ний өдрийн 1 дүгээр тогтоолоор тус тус баталсан болно.
Дээрх хууль, журмын дагуу хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2020-2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулах ажил хийгдсэн юм.
Тус ажлын хүрээнд Хаягийн нэгдсэн систем нь олон улсын жишгийн дагуу гудамж, зам, талбайн нэршил, гудамжны эхлэл төгсгөл, орц гарцад үндэслэн хаягжуулсан бөгөөд “Хаягийн мэдээллийн систем”-ийг ашиглан, хот суурин газрын 91,341 гудамж, 255,392 замын зурган мэдээлэлд үндэслэн 1,139,127 нэгж талбар, 689,895 барилга болон 1:100000 масштабтай газар усны нэрийн тоон зургийн 258,650 газар, усны нэрийг ашиглан улсын хэмжээнд 203,525 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн газрын нэгж талбарт шинээр хаягийг автоматаар олгоод байна.
Иргэн, хуулийн этгээд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системээр дамжуулан Хаягийн мэдээллийн системд нэвтэрч өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын хаягийн мэдээллийг харах боломжтой.