21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ОРОЛЦУУЛСАН “COLLECT EARTH” ПРОГРАМЫН СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын үндэсний хэмжээний газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ хийх ажлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нар 2019 оноос эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Openforis, Collect earth” програмаар газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ хийх 1-р үе шатны сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан.

Харин хоёрдугаар үе шатны сургалтыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан /Ковид-19 халдварт өвчин/ уг сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтад Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагыг төлөөлж С.Долгорсүрэн, Байгаль орчин уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Хүлэмжийн хийн шинжээч Ц.Хонгор, тус газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн мэргэжилтнүүд, төслийн гэрээт ажилтан Б.Батзаяа, Д.Одончимэг, 21 аймаг, нийслэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр “ZOOM” програм хангамжийг ашиглан цахим хэлбэрээр явуулсан юм.

Сургалтыг цахим хэлбэрээр явуулахад аймаг нийслэлийн мэргэжилтнүүдийн ирц бүрэн идэвхтэй оролцож, програм, техник хангамжийг бүрэн хангаж, аймаг тус бүрт газар ашиглалтын өөрчлөлтийг тодорхойлох 100-150 цэгийг сонгон авч туршилт хийж явууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын тайлагналтыг сайжруулах арга зүйн боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, “Collect earth” програмыг ашиглан газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэхэд мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын ил тод байдлын тайлагналтад дэмжлэг үзүүлэх, нэгдүгээр үе шатны сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмших юм.