АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ХАМТАРСАН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд шинээр газар олгохгүй байх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд Барилга хот байгуулалтын сайдын гаргасан 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/2878 тоот албан бичгийн дагуу Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаа түр зогсоод байсан юм.
Тэгвэл шинээр газар олголт орон нутагт буюу 21 аймгийн хэмжээнд хэвийн үргэлжилэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 294 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай хамтран цахим хурал зохион байгууллаа. Тус хуралд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох газар, хэлтсийн дарга нар, 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагууд оролцлоо. Цахим хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ.
1.Газар зохион байгуулалт, хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг боловсруулахад шаардагдах төсөв зардлыг шийдвэрлүүлж орон нутагт газар олгох асуудлыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх;
2.Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сум, суурин газар, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болон хуулиар тогтоосон хориглолт хамгаалалтын бүс, зурвас газрын дэглэмийг зөрчихгүй байхад анхаарч, зөвхөн төлөвлөгөөний дагуу газар олгох;
3.Хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн гүйцэт оруулах;
4.Кадастрын мэдээллийн санг хууль журмын дагуу үнэн зөв, хариуцлагатай хөтлөхийг тус тус үүрэг даалгавар болголоо.
Дээрх үүрэг даалгаврыг зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ тооцох тухай анхаарууллаа.
Мөн аймгийн ГХБХБГ-ын дарга нарын зүгээс кадастр, газрын мониторинг, хот байгуулалтын чиглэлээр цаг үеийн шинжтэй тулгамдаж асуудлуудыг хөндөж, ГЗБГЗЗГ-ын холбогдох нэгжийн дарга нараас зөвлөмж, тайлбар өглөө.