“Бүгд оролцон боловсруулсан газар ашиглалтын төлөвлөгөө сонирхолтой ч, үр дүнтэй ч болдог”
Энэ үг Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ /http://pcc.mn/-ын зүгээс Газар Зохион Байгуулалт, Геодиз Зураг Зүйн Газартай хамтран зохион байгуулсан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцад олон нийттэй зөвлөлдөх гарын авлага” http://pcc.mn/68.html -ыг танилцуулах 30 удаагийн цахим сургалтаас гарсан юм.
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард болсон тус цахим сургалтад Монгол Улсын 21 аймгийн 330 сумын 700 гаруй газрын даамал, сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, багийн дарга нарыг хамрууллаа. Цахим сургалтын гол зорилго нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрхэн орон нутгийн иргэдийн оролцоотой, жендерийн тэгш эрхийг хангаж хийх талаарх аргачлалыг танилцуулах явдал байв. “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцад олон нийттэй зөвлөлдөх гарын авлага”-ыг танилцуулах хүртэл Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-аас таван жилийн хугацаанд бэлчээр нутгийн эзэд малчдын дунд судалгаа явуулж, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад тэднийг хэрхэн оролцуулах талаарх дүгнэлтүүдийг тодорхой болгож, бодит амьдралд батлагдсан арга аргачлалаасаа 700 гаруй газрын даамал, сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, багийн дарга нарт цахим сургалтаар хуваалцсан байна.
Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал /ЭГЭЭББ/ төсөл нь оролцоо болон жендерийн тэгш эрхийг хангасан газрын засаглалыг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэдийн, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн газрын баталгаат байдлыг дэмжих зорилготой олон улсын төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд дээрх гарын авлагыг Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ боловсруулахдаа Дорноговь аймгийн Даланжаргалан, Төв аймгийн Борнуур, Архангай аймгийн Цэнхэр сумдын малчин иргэдийн илэн далангүй, чин сэтгэлээр хуваалцсан мэдлэг, туршлагад үндэслэж, ийнхүү үндэсний хэмжээнд бүх сумдын газрын даамлуудын гарт хүргэв.
Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-ын зохион явуулсан 30 удаагийн сургалтад цахимаар оролцогчдын үзэж байгаагаар, хамгийн их сонирхол татсан бас үр дүнтэй аргачлал нь байгалийн нөөцийн зураглал хийх дасгал бөгөөд энэ арга нь иргэд том цаасан дээр орон нутгийнхаа байгалийн бүхий л нөөцийг жагсаан бичиж байрлалыг зургаар буулгадаг дасгал ажил аж. Малчид, иргэд уул ус, нуур цөөрөм, зам харгуйгаа хамтдаа зурж, байгалийн нөөцийн ашиглалтын тухай сүүлийн 5-10 жилд хэрхэн өөрчлөгдөн доройтож эсвэл сэргэж байгаа талаар ярилцдаг байна. Түүнчлэн байгалиа хэрхэн хамгаалах тухайд бүх талыг оролцуулсан бусад ажлуудыг төлөвлөхөд саналаа нэгтгэн харж дүгнэнэ. Энэ мэтчилэн нийгмийн зураглал хийхдээ амьжиргаа, эрүүл мэнд, засаглалын хүрээнд сум орон нутгийн хэмжээнд сэтгэж дасгал ажлыг хийдэг байна.
Мөн оролцогчид нүүдлийн зураглал хийх аргыг их сонирхдог. Энэ аргаар бэлчээрийн маргаантай асуудлууд ил болж, гарах арга замаа ч тодорхойлдог үр дүнтэй арга юм. Нүүдлийн зураглал хийхдээ хэн, хаашаа, хэдэн удаа, хэр хол нүүснийг зургаар гаргадаг учир малчид идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцах завшаан олддог.
Ингэж нарийн зурж, ярилцсан зураглал дээрээ үндэслэн цаашид төлөвлөгөөнд орох санал, хийх ажлууд ч аяндаа тодорхой болж бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн үг биеллээ олдог.
Сургалтын дараа авсан санал асуулгаар оролцогчдын 60 орчим хувь нь тус гарын авлагыг ашигласнаар иргэдийн оролцоо, жендерийн тэгш эрхийг бүрэн хангасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж чадна гэж үзсэн байна.
Сонирхол татах өөр нэг зүйл гэвэл, тус гарын авлага дан ганц газартай холбоотой хурал хийж, төлөвлөгөө боловсруулахад биш, сум орон нутгийн нийгэм болоод бусад чухал асуудлуудыг иргэдтэй хамтран хэлэлцэх, арга замаа хамтдаа тодорхойлоход хэрэглэж болох юм байна гэж оролцогчид үзжээ.
Нэгэн сумын газрын даамал “Бүгд оролцон боловсруулсан газар ашиглалтын төлөвлөгөө сонирхолтой ч, үр дүнтэй ч юм” гэжээ. Сургалтын дараа ч оролцогчид Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын цахим шуудангаар болон утсаар гарын авлагаа хэрхэн ашиглаж буй талаар мэдээлэл, сэтгэгдлээ ирүүлсээр байгаа аж.
Энэхүү нийтлэлийн англи хэл дээрх хувилбарыг https://landportal.org/blog-post/2022/03/land-use-planning
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү