БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Өвөрхангай аймгийн ГХБХБГ болон Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах төслийн хамтарсан Хангайн бүсийн чадавхжуулах сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгууллаа.
Сургалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сумдын газрын даамал, бэлчээрийн мэргэжилтнүүд оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

Сургалтын хүрээнд бэлчээрийн фото мониторингийн анхдагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, бэлчээрийн газрыг нөхөн сэргээх, ургамал таних, “Belcheer” гар утасны аппликейшны хэрэглээг сайжруулах, шинээр батлагдсан журам, аргачлалыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогчдыг чадавхжуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд сумдын даамлуудад бэлчээрийн фото мониторингийн хээрийн судалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг энэ үеэр хүлээлгэн өглөө.


Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү