“БОДЛОГЫГ ЧИГЛҮҮЛЭГЧ ГАЗРЫН ӨГӨГДӨЛ” БУЮУ МОНГОЛ УЛС ДАХЬ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ГАЗРЫН ЭРХИЙН ТАЛААРХ АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ ТАНИЛЦУУЛЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Бодлогыг чиглүүлэгч газрын өгөгдөл” буюу Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлын талаарх анхны мэдээллийн сан, судалгааны үр дүнг танилцуулах үйл ажиллагааг 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Цэнхэр бүс дэх “Монгол Улсын өргөө”-нд зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлыг бодит өгөгдөл, нотолгоонд тулгуурлан үнэлэх, бэлчээрийн газрын засаглал, менежментийг боловсронгуй болгох, цаашдын бодлого, шийдвэр гаргалтад ашиглах мэдээллийн суурийг бүрдүүлэхэд чиглэсэн юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Олон улсын газрын эвсэл болон Монголын үндэсний газрын эвсэлтэй Дэлхийн газрын засаглалын индексийн хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын бэлчээр ашиглагчдын газрын эрхийн баталгаатай байдлыг бэхжүүлэх, хүн төвтэй бэлчээрийн засаглалыг төлөвшүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн судалгааны үр дүнг COP17-ын хүрээнд олон нийт, оролцогч талуудад танилцууллаа.
Арга хэмжээг нээж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ бэлчээрийн менежментийг олон талын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгох, газрын эрхийн баталгаатай байдлыг хангах, бэлчээрийн чанар, бүтээмжийг хадгалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл, зан заншлыг хамгаалах нь цаашдын бодлого, үйл ажиллагааны чухал чиглэл болохыг онцоллоо. Түүнчлэн бэлчээрийн газрын засаглал, менежментийг боловсронгуй болгоход бодит өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, малчдын оролцоо, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, иргэний нийгэм болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон бөгөөд Олон улсын газрын эвслийн ахлах мэргэжилтэн Ева Хершоу бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газрын эрхийн баталгаатай байдлын талаарх судалгааны арга зүй, үндсэн үр дүн болон мэдээллийн сангийн ач холбогдол, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг мэдээллийн санг бүрдүүлэх хүрээнд тал хээрийн бүсэд мэдээлэл цуглуулсан практик туршлагын талаар танилцууллаа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн Ц.Алтантуяа, Монголын үндэсний газрын эвслийн дэд ерөнхийлөгч Д.Одончимэг нар судалгааны үр дүнг бодлого, практикт ашиглах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.​
Энэхүү мэдээллийн сан, судалгааны үр дүн нь дэлхийн хөгжлийн болон газрын мониторингийн тогтолцоонд уг мэдээллийг ашиглах боломж, олон улсын түвшинд харьцуулах ач холбогдлын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Маркос Нето, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Уорд Ансееув нар байр сууриа илэрхийллээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн Ц.Алтантуяа нар бэлчээрийн газрын эрхийн баталгаатай байдлыг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, нотолгоо болон өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтын амлалт өглөө.
Энэхүү анхны мэдээллийн санг бүрдүүлэхэд хамтран ажилласан Олон улсын газрын эвсэл, Монголын үндэсний газрын эвсэл болон салбарын албан хаагчиддаа талархал илэрхийлье.