ДЭЛХИЙН БАНКНЫ ТЕХНИК ТУСЛАЛЦАА: ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭНЭ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо (UN-GGIM)-г НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс дэлхийн хэмжээний байгаль, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай байрлалд суурилсан буюу орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилгоор 2011 оны 7 дугаар сард байгуулан ажиллаж байна.
2017 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн банк орон зайн мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх, тогтолцоог байгуулах замаар сайн сайхан амьдрал, өсөлт хөгжлийг дэмжих зорилгоор хамтран ажиллах хэлэлцээр хийсэн байдаг. Хамтын хэлэлцээрийн гол үр дүнд “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ ”-г боловсруулж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, үндэсний стратегийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн орон зайн мэдээллийн технологийг ашиглах чадавхыг бүрдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцыг орон зайн мэдээллээр хангах, дижитал шилжилтэд хүрэх бодит алхмууд хийх, орон зайн дижитал хоцрогдлыг арилгах замаар улс орнуудыг цахим эдийн засагт хөтлөн иргэдэд зориулсан үйлчилгээгээ нэмэгдүүлэхэд нь туслах юм.
НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг 2018 оны 11 дүгээр сараас 6 улс (Этиоп, Буркина, Монгол, Непал, Фижи, Тонга)-ыг сонгон хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Уг төслийн хүрээнд манай улсын орон зайн мэдээллийн менежмент, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын ирээдүйн чиг хандлага, зорилгыг тодорхойлсон “Орон зайн мэдээллийн менежментийн Хэрэгжүүлэх хөтөлбөр” буюу “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах зорилготой.
Түүнчлэн Дэлхийн банк өөрийн судалгааны арга барил, зөвлөхүүдийн тусламжтайгаар Палестин, Гуяана, Албани улсын Тирана, Колумб, Вьетнам, Узбекстан, Танзани зэрэг улс орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэхээр хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар нь Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн ач холбогдол, үр өгөөжийг байгаль, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичийг боловсруулах зэрэг зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Зөвлөхүүдийн хороотой хамтран хэрэгжүүлж буй ажлын үр дүнг дэмжих, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлах, үнэлэх зорилгоор Дэлхийн банкны Газар, орон зайн багтай хамтран ажиллах гэж байна.
Зөвлөх багийн гүйцэтгэх ажил, хугацаа
Зөвлөх баг нь 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллахдаа дор дурдсан ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн байдлыг судлах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажил, төсөл, хөтөлбөрийн үр дүнтэй танилцах Дэлгэрэнгүй хөтөлбөрөөр;
- Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзалт ярилцлага хийх, бусад салбарт хэрэгжиж буй байрлалд суурилсан орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөртэй танилцах /СЯ, БХБЯ, ЗГХЭГ, ХААХҮЯ, ХХМТГ, УУЯ гэх мэт – Дэлгэрэнгүй хөтөлбөрөөр – Асуудал хариуцсан албан тушаалтантай ярилцлага зохион байгуулагдана/;
- Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлах, тогтоох;
- Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх;
- Монгол Улсын Орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд зөвлөмж өгөх зэрэг болно.
Зөвлөх багийн бүрэлдэхүүн
Катерин Келм, Зөвлөх багийн ахлах, Дэлхийн банк
Дэлхийн банкны Газар, орон зайн багийн Ахлах зөвлөх. Дэлхийн банкны Дэлхийн орон зайн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх багийн ахлах бөгөөд НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран Зүүн Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудад Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх, техникийн тусламж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр голлон ажилладаг.
Эндрью Күүт, ConsultingWhere компанийн захирал
Орон зайн мэдээллийн менежмент, хэрэглээний программ хангамж хөгжүүлэлт, систем хөгжүүлэлт чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай, Англи, Африк улс орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Зүүн Европ, Өмнөд Африк, Австрали, Хойд Америк, Ойрх Дорнодын улс орнуудад орон зайн чиглэлийн стратегийн хөгжлийн төлөвлөлт, эдийн засаг, зах зээлийн үнэлгээ хийх чиглэлээр зөвлөгөө үзүүлэн ажиллаж байна.
Др. Лесли Арнолд, Geospatial Frameworks компанийн захирал
Ази, номхон далайн бүс нутагт орон зайн мэдээллийн шинэчлэлт хийх бодлого, стратеги тодорхойлох, нээлттэй өгөгдөл, инновац нэвтрүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар Дэлхийн банк, Зөвлөхүүдийн хороотой хамтран улс орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Австрали улсын Хэмжил зураглалын Үндэсний Хорооны гишүүнээр ажилладаг. Баруун Австралийн хэмжил, зураглал, орон зайн мэдээллийн агентлаг болох Ландгэйт байгууллагын даргаар ажиллаж байсан туршлагатай.
Саймон Вилс, орон зайн зөвлөх
Орон зайн мэдээллийн менежмент, хэрэглээний программ хангамж хөгжүүлэлт, систем хөгжүүлэлт чиглэлээр 25 гаруй жилийн туршлагатай, Англи, Европ, Африк, Ойрх Дорнодын улс орнуудад орон зайн чиглэлийн стратегийн хөгжлийн төлөвлөлт, эдийн засаг, зах зээлийн үнэлгээ хийх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Сүүлийн үед хэрэгжүүлсэн төслөөс нь дурдвал, Эрүүл мэндийн салбарын төрийн байгуулалтын бүх шатанд бизнес процессыг сайжруулах хэрэглээний систем бий болгох багийг удирдан ажилласан туршлагатай.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү