ДЭЛХИЙН САЕМАУЛ УДИРДАГЧДЫН ФОРУМ-2024 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Олон улсын форум арга хэмжээ нь 2024.09.04-06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын бага хурал нь дэлхийн нийтийн хөгжил цэцэглэлт, дэлхийн хэмжээнд шинэ тосгон хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх, туршлага солилцохоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Тус хуралд дэлхийн 45 орны төрийн өндөр албан тушаалтнууд бүхий нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож байна. Дээрх форумд Монгол Улсаас төрийн албан хаагчид оролцож байгаа бөгөөд ГЗБГЗЗЕГ-ын Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын дарга Ж.Гал "МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн, түүний эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл" сэдвээр илтгэл тавьж оролцож байна.
1972 оноос өнөөг хүртэл Шинэ тосгон хөдөлгөөний төв нь дэлхийн 149 орны 66,000 гаруй удирдагчдыг урьж, мэдлэгээ хуваалцсан байна. Улмаар Лаос, Уганда зэрэг 21 улсад 102 жишиг тосгон байгуулж, тосгоны орчныг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэ жил дэлхийн 13 улсад 56 жишиг тосгон байгуулж, шинэ тосгон хөдөлгөөний төслийг сурталчилсан байна.
“Хамтдаа шинэ тосгон хөдөлгөөн, Дэлхий рүү, Ирээдүй рүү” уриан дор зохион байгуулагдаж буй Даян дэлхийн удирдагчдын бага хурал нь оролцогч улс орнуудын төрийн далбаа залах ёслол, 2024 онд хэрэгжүүлсэн Дэлхийн Шинэ тосгон хөдөлгөөний төсөл, арга хэмжээний ололт амжилтыг харуулсан видео бичлэг үзүүлэх, шилдэг туршлагыг танилцуулах, дэлхийн шинэ тосгон хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээгээр үргэлжилж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү