ЕВРАЗИЙН ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН 10 ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хурлыг хааж ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ өргөн уудам нутаг дэвсгэртэй Евразийн бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад бүсийн улс орнуудын хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай төдийгүй Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг цаашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хуралд 9 улсын 18 төлөөлөгчид геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, хот байгуулалт, газрын кадастр, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн асуудалд хамаарах өргөн хүрээний сонирхолтой илтгэлүүдийг тавьж, өөрийн орны орон зайн өгөгдлийн дэд бүтцийн ололт амжилт, тулгарсан сорилт, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замыг бусдадаа хуваалцсанд талархал илэрхийллээ.
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд нийт 9 орны 30 гаруй төлөөлөгч, мөн Монгол Улсын 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн газрын алба, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцлоо.
Мөн энэ үеэр Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гишүүн орнуудын Удирдах зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 11 дүгээр хурлыг ирэх 2025 онд БНСУ-д зохион байгуулахаар шийдвэрлэлээ.