“FASEP-MONGOLIA” ТӨСЛИЙН ЯВЦ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Бэлчээрийн төлөв байдлыг хянах мониторингийн арга зүй, судалгааны үр дүн болон цуглуулсан мониторингийн мэдээллийг үр дүнтэй ашиглах, мониторингийн үйл ажиллагааг сайжруулахын тулд зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээг ашиглаж, орон зайн дүн шинжилгээ хийж, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар болон Франц улсын 3 байгууллагын хамтарсан консорциумтай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд “FASEP-MONGOLIA” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
“FASEP-MONGOLIA” төслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст сумын нутаг дэвсгэрт туршилтын байдлаар хэрэгжүүлж, хиймэл дагуулын мэдээг ашиглан бэлчээрийн төлөв байдалд бодит цагийн мониторинг хийх арга зүй, портал сайтыг хөгжүүлж байгаа бөгөөд цаашид Монгол улсын хэмжээнд ашиглах бүрэн боломжтой юм.
“FASEP-MONGOLIA” төслийг хэрэгжүүлж буй Франц улсын хиймэл дагуулын судалгааны байгууллага /CLS/-ын ажилтан, инженер Justine Huge, Eve Poitevin нар Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ажиллаж, төслийн хүрээнд хөгжүүлж буй портал сайт болон бэлчээрийн мониторинг, зайнаас тандан судлалын чиглэлээр онол, практикийн сургалт, зөвлөлдөх уулзалтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын албан хаагчидтай хамтран хийж байна.
Цаашид энэхүү ажлын үр дүнг ашиглан зайнаас тандан судлалын арга зүйд үндэслэсэн бэлчээрийн төлөв байдлын бодит цагийн мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх үйл ажиллагааг портал сайтаар дамжуулан шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр хангаж, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн доройтлоос хамгаалах, нөхөн сэргээхэд энэхүү хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү