ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ГАНЖУУРЖАВЫН ЛУВСАНДОРЖ

/1938-2019/

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавъяат барилгачин, МАЭ-ийн нэрэмжит шагналт, зөвлөх архитектор Ганжууржавын Лувсандорж 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын барилга архитектурын салбарт хүнд гарз тохиолоо. Ахмад архитекторуудын нэг, авьяаслаг архитектор Г.Лувсандорж нь 1938 онд Улаанбаатар хотноо мэндэлж, 1946-1956 онд Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургуульд, 1956-1966 онд БНСЧУ-ын Прага хотын Техникийн дээд сургуульд суралцан төгсөж инженер-архитектор мэргэжил эзэмшжээ. Архитектор Г.Лувсандорж нь 1966-1978 онд Улсын барилгын зургийн институтийн орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд архитектор, хэсгийн ахлагч, бригадын дарга, группийн дарга, Барилга, Архитектур, Техник Хяналтын Улсын Хорооны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж, 1978-1983 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1988-1990 онд Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан. Архитектор Г.Лувсандорж Монголын архитекторуудын шилдэг бүтээл болох В.И.Лениний музейн барилга, Хувьсгалын музейн барилга, НАХ-ын музей, Худалдаа хөгжлийн банкны барилга, МИАТ ХХК-ний контор болон Төрийн ордны өргөтгөл, УИХ-ын танхимын дотор засал, чимэглэл зэрэг 80 гаруй барилгын зураг төслийг зохиож, Монгол Улсын Төрийн шагнал, Гавьяат барилгачин цолоор, МАЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан билээ. Архитектор Г.Лувсандоржийн хөдөлмөрийн алдрыг Мөр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиудаар шагнажээ. Г.Лувсандорж нь орчин үеийн архитекторуудыг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг архитекторуудын нэг байлаа. Тэрээр Монголын архитекторуудын уран бүтээлийг эмхэтгэн “Хүн хорвоо” номыг бичсэн билээ. Архитектор Г.Лувсандоржийн авьяас, хөдөлмөрч чанар, бүтээсэн уран бүтээл үүрд дурсагдах болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

2019.08.01