ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН “ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР” БОЛОН “МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР”-ИЙН ЗЭРЭГ ОЛГОЛОО

🇲🇳🇲🇳🇲🇳 Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт, Засгийн газрын 2020 оны “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 60 дугаар тогтоолын дагуу салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, сургалтыг Монголын газар зохион байгуулалтын холбоо ТББ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ, Монголын Геодези, Фотограмметр, зураг зүйн холбоо ТББ, Монголын Кадастрын холбоо ТББ-уудтай хамтран зохион байгууллаа.
📚🙇🙇‍♀️ Тус сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдээс доорх чиглэлээр:
✅Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлээр 5 зөвлөх инженер, 30 мэргэшсэн инженер;
✅Геодези, зураг зүйн мэргэжлийн чиглэлээр 4 зөвлөх инженер, 5 мэргэшсэн инженер;
✅Газрын кадастрын мэргэжлийн чиглэлээр 3 зөвлөх инженер, 15 мэргэшсэн инженер тус тус газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэшлийн зэрэг олгох, сунгах мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтад амжилттай тэнцсэн байна.
Эдгээр мэргэжилтнүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны А/89 дүгээр тушаалаар Зөвлөх инженер болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгож, өнөөдөр /2025.03.21/ мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тамга, энгэргийн тэмдэгийг тус газрын дарга А.Энхманлай гардуулан өглөө.
Мэргэшлийн зэрэгтэй салбарын мэргэжилтэнг бэлтгэснээр мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын дагуу салбарын мэргэжилтний хувьд оролцох, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.