Газартай холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг www.egazar.gov.mn цахим системээс авах боломжтой болжээ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын нэгдсэн систем буюу www.egazar.gov.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэн, хуулийн этгээд уг цахим системийг ашиглан газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг авахаас гадна газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг илгээх боломжтой юм. Ингэснээр газар эзэмшигч иргэн, төрийн албан хаагч хоёрын дундах үл ойлголцол, дүүргүүдийн газрын албанд бий болдог оочер дараалал арилж, иргэн гар утсаараа газартай холбоотой бүх төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрсэн.
-Газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг цахимаар илгээр боломжтой болсон-
Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн цахим систем нэвтэрсэн. Энэ цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газрын бүртгэлийн нэгдсэн сан дээр тулгуурлаж хийсэн цогц нэгдсэн систем юм. Энэ системийг иргэн, хуулийн этгээд ашиглаад газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой болсон. “Энэ хэний газар вэ” гэдгээс бусад бүх мэдээллийг нээлттэй тавигдсан болно. Хувь хүний нууцын тухай хуулиараа аливаа нэг газрын эзэмшигчийнх нь нэр нууц байх ёстой. Тэгэхээр иргэн egazar.gov.mn цахим систем рүү ДАН системээр дамжин нэвтрээд өөрийнхөө газартай холбоотой мэдээллүүд, төлбөрийнхөө нэхэмжлэл, ногдуулалт, газрын хэмжээ, зориулалт, захирамж, гэрээний хугацаа дууссан, дуусаагүй, барьцаанд бүртгэлтэй эсэх зэрэг бүх мэдээллийг авах, тэрийгээ тодорхойлолтоор хэвлээд авах, лавлагаанд ашиглах боломжтой.
Мөн иргэд газрын албанд өргөдөл өгсөн ч тэр өргөдөл нь ямар шатанд явж байгаа, хаана очоод гацсан, хэд хонож байгаа гэх мэт мэдээллийг олж авах боломжгүй байсан. Мэдэхийн тулд заавал өөрийн биеэр газрын албанд очиж, байцаагчаасаа асуух шаардлагатай болдог. Харин одоо энэ цахим системийг ашиглаад гэрээсээ “Миний өргөдөл хууль дүрмийнхээ дагуу аль шатан дээрээ явж байна вэ” гэдгийг харж, хянах боломжтой. Гэрээ, гэрчилгээ нь гарвал “Таны өргөдөл шийдэгдлээ, та газрын албанаас ирж гэрээ, гэрчилгээгээ авна уу” гэдэг мэдэгдлийг таньд өгөх болно. Тухайлбал, хэн нэгэн иргэн эзэмшлийн газартай байлаа гэж бодъё. Тухайн газрынхаа хугацааг сунгах, зориулалтыг өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөхтэй холбоо өргөдлүүдийг газрын албанд өгдөг. Тэгвэл эзэмших эрхтэй холбоотой нийт 17 төрлийн өргөдлийг цахимаар шууд илгээх боломжтой болсон. Газрынхаа хугацааг сунгая, эрхээ бусдад шилжүүлье гэвэл заавал газрын албан дээр очоод байх шаардлагагүй болсон. Та байгаа газраасаа системд нэвтрээд өргөдөл, хүсэлтээ холбогдох материалыг нь хавсаргаад илгээхэд харьяа дүүргийн байцаагч дээр шууд очно. Байцаагч хавсаргах материалууд нь бүрэн байна уу, гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг нь байна уу гэдгийг хянаж үзээд шаардлага хангасан бол “өргөдөл баталгаажлаа” гэдэг мэдэгдлийг таньд илгээнэ.
Ингэснээр төрийн албан хаагч болон иргэдийн хооронд үүсдэг зөрчлүүд эрс багасаж байна. Мөн сумын даамал, газар зохион байгуулагч нар өргөдлийг хүлээж авах, шийдвэрлэх бүх үйл ажиллагаа нээлттэй болж байна.
-Иргэн газартай холбоотой үйлчилгээ авахын тулд дүүргийнхээ газрын албанд 10 удаа биеэр очдог байсан бол цахим системийг ашиглаад сурчихвал нэг л удаа очно-
Тухайлбал:
Баянзүрх дүүрэг 470 гаруй мянган хүн амтай. Энэ иргэдээс дүүргийн газар зохион байгуулалтын албаар байнга үйлчлүүлдэг 100 гаруй мянган иргэн байдаг. Жилд 10 мянга иргэн, өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг ч 200 нь зөвхөн лавлагаа авахаар очдог байна. Egazar.gov.mn цахим системээс газартай холбоотой 17 лавлагааг авч болох юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү