ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлхий нийтийн аж үйлдвэрийн IV хувьсгал, Олон улсын дижитал шилжилттэй холбоотой байрлалд суурилсан их өгөгдөл, орон зайн дэд бүтцийг байгуулах, цахим орчинд орон зайн мэдээллийг бүрдүүлэх, түгээх, төр болон хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бий болгох, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй явуулахад орон зайн нэгдсэн цахим систем нь олон улсын хэмжээнд ихээхэн үүргийг гүйцэтгэж байна.
Дэлхийн улс орнууд орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа 8 орны төлөөлөгчид илтгэл тавьж оролцлоо.
Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь байрлалд суурилсан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, орон зайн өгөгдөл, мэдээллийн цахим үйлчилгээнүүдийг төрийн байгууллагуудын хэрэглээнд нэвтрүүлж үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон зайн суурь 18 дэд сан бүхий Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн ГЕОПОРТАЛ системийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Энэхүү хуралдаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь Монгол Улсын Үндэсний орон зайн өгөгдлийн бүтэц болон ГЕОПОРТАЛ системийг танилцууллаа.
Цаашид бид бүхэн Орон зайн өгөгдлийг бүрдүүлэгч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нэгдсэн системээр холбогдох мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бүрдүүлж, орон зайн өгөгдөл, мэдээллийг олон нийтэд түгээх, өгөөж, ашиг тусыг нэмэгдүүлэх, үндэсний тогтвортой хөгжил, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх төрөл бүрийн бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, орон зайн суурь өгөгдлөөр хангах зорилгоор Монгол улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэх ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.